Австралийн сенатч Монгол Улсыг “өргөсөн дундах цэцэг”-тэй зүйрлэв
2020.01.17

Австралийн сенатч Монгол Улсыг “өргөсөн дундах цэцэг”-тэй зүйрлэв

Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тони Смиттэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Күинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад гарсан түймэрт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Гамшигт өртсөн Австралийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсад амьдарч буй монгол иргэд хүмүүнлэгийн тусламж, Монголын ард түмэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг мөн дурдав.

Түүнчлэн хэдийгээр байгалийн гамшигт өртөөд байгаа ч Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг эх орондоо өндөр хэмжээнд, амжилттай зохион байгуулж буйд нь ноён Т.Смит болон Австралийн Холбооны Улсын парламентад баяр хүргэлээ. 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Смит нар хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, цаашид байгаа боломжийг сайтар ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж, “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт тавьж, олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад, манай гуравдагч хөрш, найрсаг харилцаат Австрали Улс биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна гэв.

Мөн Рио Тинто группийн хэрэгжүүлж буй Оюутолгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангах талаар УИХ-аас тогтоол гаргасныг дурдаад, “Энэхүү төслийн гэрээг сайжруулах ёстой гэж бид үздэг. Зэс, алтны арвин нөөцтэй, дэлхийн хэмжээний том ордод хамтарсан төсөл хэрэгжүүлж буй Монголын талын үр өгөөж муу байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ноён Т.Смит Монголын ард түмэн, Засгийн газар байгалийн гамшигт өртсөн бидэнд сайн санааны тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлье гээд, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын “саарал жагсаалт”-аас гарах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг бид ойлголоо. Холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэж, дэмжин туслах болно гэв. 

Уулзалтад оролцсон сенатч Дин Смит Монголыг хоёр том хөршийн дунд оршдог, “өргөсөн дундах цэцэг” гэж нэрлээд, Австралийн парламентад Австрали-Монголын бүлэг байгуулах асуудлыг идэвхтэй хөөцөлдөж, Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр парламент хооронд болон Тамгын газруудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой гэдгийг дурдаад, энэ зорилгод найрамдлын бүлэг чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрбээр Баруун Австралиас парламентад сонгогдсон сенатч бөгөөд тус муж нь уул уурхайн бүс нутаг тул өөрсдийн туршлага, мэдлэгээ монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байх болно. Зөвхөн байгалийн баялгийг олборлох биш, хайгуул, судалгаа шинжилгээ, инновац гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөж, санал бодлыг нь сонсож, Зөвлөлдөх ардчиллын зарчмаар Үндсэн хуульдаа зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар тодорхой мэдээлэл өгөв.     

Ноён Т.Смит УИХ-ын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт баяр хүргэв.

Хоёр орны хамтын ажиллагаанд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал байхгүй тул хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх нь чухал болохыг уулзалтын төгсгөлд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.