С.Эрдэнэ: УИХ-ын дэд хороодыг хуулийн дагуу ажиллахыг албан ёсоор шаардаж байна
2020.01.22

С.Эрдэнэ: УИХ-ын дэд хороодыг хуулийн дагуу ажиллахыг албан ёсоор шаардаж байна

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт гурван үндсэн асуудлаар шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.  

УИХ дахь МАН-ын зарим гишүүдийн хууль бус үйлдэлтэй холбоотой, тухайлбал ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүдийн асуудал

Төрийн ордонд хүний амь нас хохирсон гэмт хэрэгт шалгагдаж буй асуудлууд  

Зарим гишүүний хөрөнгө орлого огцом өссөн талаар хуулийн байгууллагаас болон төрийн байгууллагуудын төлөөллүүдээс хуульд заасан журмын дагуу шалгуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг, шаардлагыг УИХ болон түүний халдашгүй байдлын болон ёс зүйн дэд хороодод удаа дараа хүргүүлсэн.

Гэвч УИХ-ын бүтцийн нэгж болох УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон ёс зүйн дэд хороо хуульд заасан чиг үүргээ умартаж, УИХ-ын гишүүдийг хаацайлах, хууль бус үйлдлийг хамгаалж, гарч байгаа шийдвэрүүд нь хуульд нийцэхгүй, хуулийг үгүйсгэсэн байгааг анхаарч хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна. Цаашид УИХ, холбогдох байнгын хороод болон дэд хороод шударга ёс хууль ёсыг хүндэтгэж хуулийн дагуу ажиллахыг албан ёсоор шаардаж байна гэлээ. 

Түүнээс гадна 2012 онд санаачлаад 2014 онд хуулийг өргөн барьж, 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр 2015 онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг тухайн үед олонх болсон өнөөгийн УИХ анхны хурлаараа хүчингүй болгосон. 

Өнөөдөр иргэд, сонгогчид, ахмадууд удаа дараа энэ асуудлыг тавьж, шаардаж байгаа тул миний бие энэ хуулийн төслийн зарим заалтыг шинэчилж, дахин боловсруулж байна хэмээн С.Эрдэнэ мэдэгдлээ.