Н.Учрал: Оюуны өмчөө барьцаалаад, банкнаас зээл авах боломжийг нээж өглөө
2020.01.23

Н.Учрал: Оюуны өмчөө барьцаалаад, банкнаас зээл авах боломжийг нээж өглөө

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдав.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүний санаачилж,  өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Оюуны өмч гэхээр манайхан одоо хүртэл сайн ойлгодоггүй. Оюуны өмчийг хамгаалах хууль эрхзүйн орчин ч дутмаг байсаар ирсэн. Таны санаачилсан хууль батлагдсанаар оюуны өмчөө хамгаалах боломжтой болж байна гэж ойлгож болох уу?

-Бид оюуны өмчийг шинэ бүтээл, оновчтой санаа гэж 1990-ээд оноос өмнө нэрлэдэг байсан. Орчин үед шинэ бүтээл, оновчтой санааг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу инновацийн үйл ажиллагаа гэж тодорхойлж байгаа. Оюуны өмчийн хамгаалалтын сайжруулах асуудал маш чухал асуудал. Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирэхийн тулд нэг зүйлийг их асуудаг болсон. “Танайх манай бизнесийн оюуны өмчийг хамгаалж чадах уу” гэдэг. Гадны компаниуд Монголд франчайзын гэрээгээр буюу KFC шиг, Шангрилла шиг олон улсын сүлжээ буудлууд шиг орж ирэхдээ хамгийн түрүүнд бидний оюуны өмчийг та нар хамгаалж чадах уу, эрхзүйн орчин чинь бүрдсэн үү гэдэг. Тэгэхээр оюуны өмчийг хамгаалах, эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Жишээ нь Патентын хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль гээд гурван хууль манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ Оюуны өмчийн суурь харилцааг зохицуулсан хууль байхгүй байсныг баталж чадлаа.

-Энэ хуулийн хамгийн гол ач холбогдол юу вэ. Эрдэмтэд, оюуны өмч бүтээгчдэд ямар ашиг тустай вэ?

-Оюуны өмч гэж юуг ойлгох, үндэсний хэмжээнд оюуны өмчийн тогтолцоог яаж авч үзэх юм бэ. Оюуны өмчийн байгууллага ямар удирдлага зохион байгуулалттай байх юм, оюуны өмчийн улсын байгцаагч ямар эрх эдлэх юм гэдгийг бүгдийг энэ хуулинд тусгасан.  Хамгийн чухал нь шинэ бүтээгдэхүүний ашигтай загварыг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчдээр үнэлүүлэх боломжтой.

-Тодруулбал?

-Тухайлбал,  нэг эрдэмтний бүтээсэн шинжлэх ухааны бүтээл, нээлтийг тэдэн төгрөгөөр үнэлэгдэх юм байна гээд үнэлэмжийг нь гаргачихъя гэж бодъё. Тэгвэл тухайн эрдэмтэн түүнийгээ банкинд барьцаалах боломжтой болох юм. Заавал үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг барьцаалж хэрэгцээт мөнгөө авдаг гэсэн ойлголтгүй болно. Гадаадын улс оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд,  патентийг нь авчихсан шинэ бүтээл, ашигтай бүтээгдэхүүний загвараа, тэр байтугай барааны тэмдгээ банкинд барьцаанд тавьж байна. Тухайлбал нэг ундааны лого ч байж болно. АПУ компанийн “боргио” гээд лого байж болно. Барааны тэмдгээ барьцаалж байсан практик манайд байна. Саяхан Улаанбаатар банк гэхэд барааны тэмдэг барьцаалаад зээл олгож байсан.

Тэгэхээр энэ хуулиар бүх оюуны өмч үнэлгээ хийлгээд, түүнийгээ банкинд барьцаалах эрхийг нь нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл,  оюуны өмчийн зуучлал хийж байна гэсэн үг. Оюуны өмчийн зуучлал хийх байгууллагуудад эрхийг нь олгодог болно. Жишээ нь,  чамд байгаа оновчтой санаа агуулсан шинэ бүтээлийг би хөрөнгө оруулагчдад зарж өгч болно гэсэн үг. Тэр нь оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болно. Тэгэхээр эндээс олсон орлогыг татвараас таван хувь бууруулна гэж байгаа юм. Хөнгөлж өгч байна гэсэн үг. Тэгвэл зуучлалын үйл ажиллагаа сайн явагдана.

-Манайд эрдэмтэд нь бүтээсэн санаагаа банкинд барьцаанд тавих тухай ойлголтгүй байгаа байх шүү?

-Манайд эрдэмтэн мэргэд нь шинэ санаа сэтгээд байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчид юунд хөрөнгө оруулахаа мэддэггүй. Уг нь сайн сайн патентуудыг тэнд байгаа хөрөнгө оруулагчдад санал болговол бизнес болох боломжтой шүү дээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагуудад  очиход зуучлалын ажиллагаа дэлгүүр шиг болчихсон. Бизнес эрхлэгч, томоохон компанийн эзэд очоод сайн патент байна уу гэж хайдаг. Энэ жил ямар сайн бүтээгдэхүүний загвар, санаа ирсэн бэ гэж асууж, сурагладаг. Бизнес болгочихоор юу байна гэдэг. Ингээд хөрөнгө оруулаад,  олсон орлогынхоо тодорхой хувийг эрдэмтэнд нь өгдөг. Манай улсын хувьд энэ хууль батлагдсанаар дуучид, уран бүтээлчид, киночид, нэвтрүүлэг хийж байгаа уран бүтээлчдэд маш чухал. Нэг дуу авчраад оюуны өмчид бүртгүүлдэг. Зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авдаг.

Гэтэл нэг функц нь жаахан өөр ч юм уу, дууны үгийг жаахан өөрчилсөн ч юм уу дууг өөр дуу гээд бүртгүүлчихдэг. Ингээд оюуны өмч дээр давхцал үүсээд,  шүүхийн маргаан эхэлдэг. Жишээ нь, "Малчин" телевиз байна. Гэтэл хэдэн нөхдүүд малчин гэдгийг нь англиар бичээд барааны тэмдэг авчихаж байгаа юм.  Бодит процесс. Ингээд давхцсан учраас шүүхийн маргаан яваад эхэлдэг. Энэ хуулиар тэр давхцлыг алга болгох гэж байгаа. Блокчэйн гээд орчин үеийн технологиор барааны тэмдэг, патент, бүтээгдэхүүний загварыг бүртгэнэ. Малчин гэдэг барааны тэмдэг авлаа гэхэд шууд өгөөд блокчэйн буюу засч болдоггүй технологид оруулчихна. Хэн ч засч чадахгүй. Тэгээд “ипатент” гэдэг сайт ажиллаад эхлэнгүүт түүнд бүртгэгдсэн барааны тэмдэгт зарагдлаа гэж бодоход шууд худалдаж авч байгаа хүн рүүгээ технологи дээрээ шилжинэ.

Тэнд хэнээс хэнд шилжсэн талаарх түүхийг нь бичээд явна гэсэн үг. Нэг дуу байлаа гэхэд дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч гээд олон эрх эзэмшигч гарч ирдэг. Тэднээс дууг эзэмших нэг эзэмшигч тодорхой болох ёстой. Тэр хүн нь зохиогчийн эрхийн гэрчилгээ авах ёстой. Тэр уран бүтээлээ оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчнээр үнэлүүлнэ гэсэн үг. Тухайлбал,  Н.Жанцанноров гуайн “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим хэдэн төгрөг болох вэ. Б.Шарав гуайн “Сэрсэн тал” хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ. Тэр хөгжмийг эзэмшиж байгаа хүн нь магадгүй Б.Шарав гуайн хүүхэд нь ч юм уу байж болно. Тэр хүн банкинд дуугаа түр хугацаанд барьцаалаад,  зээл аваад өөр уран бүтээл хийх санхүүлжилтээ олж болох ийм л давуу талыг энэ хуулиар олгож байна.

-Оюуны өмчөө үнэлүүлсэн, маш өндөр үнэ хүрсэн тохиолдол юу байна вэ?

-Оюуны өмч баталгаажаад эхлэхээр үүний үр дүн маш их. “Тик ток” гээд аппликейшн гурван жилийн дотор 14 тэрбум долларын үнэлгээнд хүрчихлээ шүү дээ. 500 сая хэрэглэгчтэй аппликейшн. Дэлхийн топ арван бизнесийн найм нь оюун санааны бизнесүүд эзэлж байна. Тэгэхээр хойч үе маань шинэ санаа сэтгэвэл мөнгө олох юм байна. Шинэ санаа гаргаж чадвал үнэлүүлж чадах юм байна гэдэг сэтгэлгээ рүү шилжинэ. Түүнээс биш бүгд төрд оръё, нүүрсний наймаа эрхэлье гэж бүх юмыг амар хялбараар бодож болохгүй. Мэдлэг боловсролтой бол. Шинэ санаа сэтгэ. Оюун санаагаараа амьдар. Оюутны ширээнээс фэйсбүүк үүссэн. Өнөөдөр Эстон гэдэг улс “skype” гэдэг ганцхан аппликейшнээр эдийн засгаа төрөлжүүлж чадсан. Тэгэхээр дэлхийд гарч байгаа манай лэнд.мн гэдэг ч юм уу газруудынхаа оюуны өмчийн хамгаалалтыг сайн хийж өгөх хэрэгтэй.

-Манайд бүртэлтэй оюуны өмчүүд дэлхийд ч үнэлэгдэх боломжтой, хүчинтэй биз дээ?

-Монголын оюуны өмчийн байгууллага дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1979 онд элссэн. Уран бүтээл, утга зохиолыг хамгаалах Венийн конвенцид, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцид нэгдсэн. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр,  дэлхийн хаана ч манай оюуны өмчийн байгуулагад бүртгүүлсэн патент хүчинтэй. Хаана ч зөвшөөрөгдөнө гэсэн үг. Би өмнө жил Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхийлөгч Фрэнсис Гарри гэдэг хүнтэй уулзсан. Надад ганц зүйл хэлсэн. Монгол Улсаас хоёр эрдэмтний патентын санал ирсэн. Энэ бүтээгдэхүүнд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж Америкийн хоёр компани хүсэлт тавьсан.

Танайд үнэхээр потенциал байгаа юм байна. Та нар үүнийгээ хөгжүүлвэл энэ бүхэн чинь л танай эдийн засгийг төрөлжүүлнэ. 88 хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг чинь эх оронд чинь үлдэнэ гэсэн. Алийн болгон бид оюуны өмчийн хулгайд нэрвэгдсэн ийм улс орон байх юм бэ. Оюуны өмч бүх салбарт хамааралтай. Та бизнес эрхлэх шинэ санаа сэдсэн л бол оюуны өмчөө хамгаалахгүй бол харамсалтай шүү дээ. Нэг кино гаргадаг. Кино театрт нууцаар гар утсаараа бичиж аваад,  маргааш нь хэвлээд "Нарантуул"-д зардаг. Харамсалтай биз дээ. Тэгэхээр уран бүтээл хийж яах юм бэ. Оюуны өмчийн хулгай гэдэг бол хамгийн аюултай.

-Таны батлуулсан хууль оюуны өмчийн хулгайтай ч тэмцэх үү?

-Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн хугайтай ч тэмцэнэ. Жинхэнэ,  оюуны өмчөө хамгаалуулсан сайн бүтээлийг, ашигтай загварыг, зохиогчийн эрхийг мөнгө болгоход анхаарна. Тэр нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал юм. Эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг төрөөс татварын бодлогоор дэмжих зохицуулалт энэ хуулинд бүлэг болж орсон. Монгол Улс бүтэн 30 жилийн хугацаанд оюуны өмчийн салбарыг шоовдор хүүхэд шиг харж ирсэн. Монголын төр анх удаа Оюуны өмчийн суурь харилцааг зохицуулсан хуулийг баталлаа. Энэ хуулийг санаачилж батлуулсандаа баяртай байна. Ирээдүйн 30 жилийг яаж харж байна вэ гэвэл шинэ санаагаа сэтгээд, мөнгө болгох бололцоотой болсон.

Залуус шинэ зүйлийг сэтгээд амжилтад хүрдэг болж эхэллээ. Төр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа бол татварын бодлогоор дэмжих ёстой. Швейцарь бол ганц цаг гаргаад өртгөөсөө мянга дахин өндөр үнээр зарж байна шүү дээ. Тийм цагны үйлдвэрт өндөр цалин авна биз дээ. Гэтэл бид ченжийн наймаачид шиг нэг бараа авчраад дээр нь 1000 төгрөг нэж зараад байна. Тэгэхээр цалин өндөр авахгүй байгаа юм. Энд л хөгжлийн гол асуудал оршоод байна. Тийм учраас бага өртгөөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд оюуны өмчөөр хамгаалуулж чадвал маш өндөр үнэлээр гадагшаа экспортлох боломж байна.

-Монгол Улс оюуны өмчийг эрэлхийлэгч, эзэмшигч орон болоход хэдий хугацаа хэрэгтэй вэ?

-Монгол технологийг л хийдэг улс болох ёстой. Iphone утсыг хэзээ ч Америкт үйлдвэрлэдэггүй. Iphone зөвхөн технологио гаргана. H&M, Zara, Mango  гээд брэндүүдийг Хятадад үйлдвэрлэж байгаа болохоос АНУ-д үйлдвэрлэхгүй байгаа. Америк зөвхөн технологио гаргадаг. Монгол ч гэсэн шинэ аппликейшн гаргаад, шинэ бүтээл, загвар хийгээд, үйлдвэрээ Хятадад байгуул л даа. Технологитой, оюун санааны орон болъё л доо. Тэгж чадвал энэ улсад хүн гоё амьдарна. Хүний нөөцөө Хятадаас нийлүүлээд,  хямдаар энд цалинжуулж чадахгүй биз дээ. Үйлдвэр нь тэнд, оюун санаа, уураг тархи нь Монголд. 3.2 сая хүн бүгдээрээ оюун санааны эрэлхийлэгч, эзэмшигч болж болно. Хүн бүрийн халаасанд хамгийн үнэ цэнэтэй барааны тэмдэг байх ёстой. Тэгж чадвал хөрөнгө оруулагч нар дэлхийгээр дүүрэн байна. Хажууд Хятадаар дүүрэн байна.

Бүх санаагаа эндээ барьчихаад,  хятадуудыг ажилчнаа, цэргээ болгоод сууж баймаар байна шүү. Энэ бол ирээдүйн 30 жил. Шинэ үеийн 30 жил өөрөөр явна. Би залуу хүний хувьд ирээдүйн 30 жилийг харж байна. Бидний аав, ээж,  ах, эгчийн үе өнгөрсөн 30 жилд үүргээ биелүүлсэн. Бидний ирээдүйн 30 жил бол цэвэр оюун санааны тусгаар тогтнол бий болгосон жил байна. Тийм учраас ч би энэ парламентад суух хугацаандаа Инновацийн тухай, Оюуны өмчийн тухай, Залуучуудын хуулийг батлууллаа. Бүгд гарааны бизнесийг дэмжих, татвараас чөлөөлөх, дэлхийд гарах гарцуудыг нээж өгсөн. Цаашдаа энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарна. Дэлхийд гарах олон сайхан залуучуудыг дэмжиж, тусалж, гүүр нь болж, төрд дуу хоолой нь болж ажиллана гэж бодож байгаа.