Беларусь Улс Монголд ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах саналыг дэмжив
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Монгол Улсад уул уурхайд түшиглэсэн төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхийн хэрээр ачааны вагоны парк нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг юуны өмнө онцолсон. Энэ хүрээнд Беларусийн Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломжийг судалж, эдийн засгийн үр өгөөжийн тооцооллын үндсэн дээр хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгааг илэрхийлэв.
Харин Беларусь Улсын талаас дээрх саналуудыг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцолсны зэрэгцээ санхүүжилтийг шийдвэрлэхэд Беларусийн Хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн үйлчилгээг авч ашиглах боломжтойг дуулгав. Учир нь хоёр улсын хооронд байгуулсан 50 сая еврогийн зээлийн шугамын хүрээнд шийдэх боломж байгаа талаар ярилцлаа.
-Нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ-
Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны хүрээнд тээврийн салбарын хамтын ажиллагааг холбогдох баримт бичиг, ажлын төлөвлөгөөнд тусгайлан оруулбал бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг тэмдэглээд энэ жил Минск хотноо болох ээлжит хуралдаанд дээрх асуудлуудыг нарийвчлан оруулж хэлэлцүүлэхийг санал болгов. Мөн МАЗ компанийн авто замын техникийг Монголд нийлүүлэхтэй холбогдуулан уг техникийн ашиглалтад шаардлагатай хайрга болон битум эмульсийн үйлдвэрлэлийг зохион байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлуудын талаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлд зориулж МАЗ үйлдвэрийн автобусыг захиалагчийн техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэн нийлүүлэх, түүний дотор байгаль орчинд ээлтэй хийн болон цахилгаан хөдөлгүүрт автобусыг нийлүүлэх сонирхолтой байгаагаа танилцуулж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн энэ удаагийн айлчлалыг Монгол, Беларусь хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан уулзалт боллоо хэмээн хоёр тал тэмдэглэв.