Ц.Даваасүрэн: Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станц барих асуудлыг судалж байна
Гэрээний дагуу Оюу толгойн цахилгаан станцын барилгын ажлыг энэ хавар эхлэх ёстой байсан ч эхлэхгүй байгаа тул Монголын эрчим хүчний компаниудын нэгдлээр Тавантолгойг түшиглэсэн дотоодын цахилгаан станц барих асуудлыг судалж байна гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.
-Хил хаасантай холбогдуулан шахмал түлшний барьцалдуулагч авч чадахгүй нөхцөл байдал хүрээд байгаа гэх мэдээлэл гараад байгаа?
-Шахмал түлшийг барьцалдуулагчгүйгээр ч хийж болно. Хүндрэлтэй асуудал биш, юугаар ч орлуулчхаж болно. Гурилаар ч орлуулж болдог учраас нэг их хүндрэл үүсэхгүй. Барьцалдуулагч хийхгүй байсан ч болно. Нөөц хангалттай бий, илүүдэлтэй. Одоогоор арав хоногийн нөөцтэй байна. Өдөрт таван тонн орчим барьцалдуулагч ашигладаг.
-Барьцалдуулагчийн импорт зогсчихсон уу?
-Зогсоогүй орж ирж байгаа. Оросоос ч авч болно.
-Дулааны станциудыг Эрчим хүчний яамны дэргэд авснаар ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Хоёрдмол удирдлагатай байснаас болоод хариуцлага алдсан асуудал гарсан. Аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөхгүй байсан гэх мэтчилэн. Мэдээж эзэнгүй байсан юм эзэнтэй болсон. Гэхдээ үнэ нэмээгүй учраас алдагдалтай хэвээр байна. Өнгөрсөн онд 23 тэрбумын алдагдалтай байсан бол энэ жил 11 тэрбумын алдагдалтай гарсан.
-Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг Засгийн газар дээр байгуулагдсан. Ажил ямар шатандаа байна?
-Энэ хавар барилгын ажил эхлэх ёстой байсан. Харамсалтай нь эхлээгүй байна. Эхний хурлаа хийсэн. Дэд ажлын хэсгээ ажиллуулъя. Үүн дээр түшиглэн ярина.
-ТУЗ-ын гишүүдэд ямар шаардлага тавигдах вэ?
-ТУЗ-д тавих шаардлагыг өндөрсгөх асуудал ярьж байна. Наад зах нь хэлтэй байх. Мөн хууль эрх зүй, уул уурхайн мэргэжилтэй байх шалгуур тавина. Тодорхой шалгуур тавиад, сонгон шалгаруулалт зарлаад тэнцэхгүйг нь хасаад, тэнцэхийг нь Оюутолгойн ТУЗ-д ажиллуулах зарчмаар явна.