Хуваарьт нислэг, галт тэрэг, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа
Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад ирсэн Францын иргэнээс илэрсэнтэй холбогдуулж, Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
УЛААНБААТАР ХОТООС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА
Улсын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байна. Тодруулбал, Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө Францын иргэнээс шинэ коронавирус илэрсэн. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо" гэлээ.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өнөөдөр 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж яаралтай шийдвэрийг гаргалаа. Эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн тул яаралтай арга хэмжээг авахаар болсон. Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын хойд хилийн урсгал нээлттэй байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ БУЙ 700 ГАРУЙ АВТОБУСЫГ ЗОГСООЛОО
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 700 гаруй автобусыг зогсоохоор болжээ. Чиглэл өгсний дагуу дээрх шийдвэр өнөөдөр өглөөнөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосноор Улаанбаатар хотын хэмжээнд автобусны буудлуудад такси, автобус хүлээсэн зорчигчид олноор төвлөрөөд байна.
Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан. Уг хуралдаанаар хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хориглосон юм.
Тээврийн цагдаагийн албанаас зам хаах талаар өнөөдөр 09.30 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр боллоо.