Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов.
Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно.
2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.
Хөвсгөл аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад УОК 150тн өвсийг үнэ төлбөргүй, 300тн тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болж Өнөөдрөөс тусламжийн өвс тэжээлийг хувиарлах, тээвэрлэх зэрэг ажлууд эхлээд байна.