Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна
2020.03.17

Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм.

Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ.

Дээрх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан ажиллаж байгаа ба хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс багтаж байна. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгогдож байгаа аж.