Эрчим хүчний яам өргөтгөсөн хурлаа цахим орчинд хийснээр 10 гаруй сая төгрөг хэмнэжээ
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан байна.
Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцжээ.
Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна.
Өвөлжилтийн бэлтгэлийг базааж, хяналт шалгалтыг цаг тухай бүрт хийж байсны дүнд хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 94-100 хувьтай гарсан талаар танилцуулжээ.
Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл цахимаар холбогдож, нөхцөл байдлаа танилцуулсан.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын нийт үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудад хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, илэрсэн гэмтлийг устгах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг 15 орчим ажлын үүрэг даалгаврыг түгээх компаниудын гүйцэтгэх захирал нарт өгчээ.
Энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.