БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав
2020.04.01

БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон юм.

Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзлээ.

Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн тулд цаашид илүү нягт уялдаатай хамтран ажиллах, юуны өмнө хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй нүүрсний худалдааг хэвийн голдиролд оруулахын төлөө бололцоотой арга хэмжээг авч ажиллахаар тохиролцсон байна.