УИХ-ын гишүүд Эмээлт зах, "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтай танилцав
2020.08.26

УИХ-ын гишүүд Эмээлт зах, "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтай танилцав

ХАА-н хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэхдээ, "Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг МАА-г дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно гэдгийг мэдэгдлээ. Тус бүлэгт багтаж буй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нар түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэр болон "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн түшээдийн эхэлж орсон “Агро нэгтгэл трэйд” ХХК өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалдаг, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг талаар компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. УИХ-ын гишүүд дараа нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд барьж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын явцтай танилцлаа.  Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангах аж. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ, Эмээлтийн үйлдвэр технологийн парк, Дарханы арьс ширний үйлдвэрийг хөгжүүлэх талаар шийдэх асуудлууд бий. Эхний ээлжид нийслэлчүүдийг олон улсын, эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломжтой. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар ХАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ.  Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргах хэрэгтэйг онцлов.

Мах бэлтгэл дээр бизнесийн буюу үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах,  нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр, засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэхийг нэн түрүүнд анхаармаар гэдгийг уулзалтын үеэр бизнес эрхлэгчид хэлж байв.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана

Үргэлжлүүлэн гишүүд "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа. Туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад ороод байна. Зүүн бүсийн гэх тус үйлдвэр А, Б блоктой, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, оффис, төмөр зам, цахилгаан түгээх зэрэг ажлыг хийж, нийтдээ 20 орчим обьект баригдах аж.

Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгийг үйлдвэрийн удирдлага хэллээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, зуух, пийшингийн засвар үйлчилгээг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим иргэн болон айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллахаа мэдэгдлээ.