Жирийн дайныг цээжинд оносон сум гэвэл кибер дайныг хорт хавдартай зүйрлүүлж болно
2011.02.22

Жирийн дайныг цээжинд оносон сум гэвэл кибер дайныг хорт хавдартай зүйрлүүлж болно

-Дэлхийн интернэт дайн эхэлчихжээ-

 

Дэлхийн интернэтийн сүлжээний анхны дайн (WorldWideWebWar – WWWW) 2010 онд эхэлсэн жил гэж түүхэнд үлдэх байх. Энд “Викиликс” сайт гэсэн ганц нэрийг дурдахад хангалттай биз ээ. Одоо Арабын орнуудад дэгдсэн хувьсгал, бослого бараг бүгд интернэтээс үүдэлтэй гэхэд хилсдэхгүй. Хятад улсад ч мөн интернэт ашиглан бослого дэгдээхийг завдсан ч хатуу цензуртэй хятадууд дор нь таслан зогсоолоо. АНУ-ын Цагаан ордны терроризм, кибер аюултай тэмцэх асуудал эрхэлсэн зөвлөх асан Ричард Кларк ба Роберт Кнаке нарын үзэж буйгаар дэлхийн интернэт сүлжээний дайн аль хэдийн эхэлсэн төдийгүй манай гарагийн Засгийн газрууд XXI зууны кибер дайнд бэлдэн, хакеруудыг дайчилсан гэнэ. Кибер довтолгооны дүнд иргэний болон цэргийн дэд бүтцийн удирдах системүүд ажиллагаагүй болж, атомын болон бусад цахилгаан станцын эрчим хүчний блокууд, хийн хоолой дэлбэрч, галт тэргүүд замаас хазайн, нисэх онгоцууд унана. 2001 оны 9-р сарын 11-ний дараа хамгийн магадлалтай дайн бол кибер дайн.

 

Кибер дайныг төрийн түвшинд төдийгүй бие даасан бүлэг хакерууд ч хийж магадгүй. Тэгээд харилцаа холбооны хамгаалалтай системд нэвтэрч, мэдээлийн баазад хяналт тогтоож болзошгүй. Одоо л гэхэд хиймэл дагуулын холбоо, армийн удирдлага, банкны ажиллагаа, атомын болон бусад эрчим хүчний объектууд байнга кибер довтолгоонд өртөж байна. Хакеруудын довтолгоо ялангуяа дэд бүтэц, атомын станц, химийн заводуудад аюултай.


Гэхдээ өнөөгийн энэ дайнд хэн ч дайснаа нүүр тулж мэдэхгүй, өшөө авах гэхээр хаана байгааг нь олж тогтоох аргагүй. Цөмийн дайнаас ялгаатай нь кибер дайны үед том том хотууд байрандаа үлдэх ч харилцаа холбоо тасалдана. Жирийн дайныг цээжид оносон сум гэвэл кибер дайныг хорт хавдартай зүйрлүүлж болно. Түүнийг зөвхөн маш өндөр үнэтэй эмээр л эмчилж болох юм. Гэхдээ кибер дайн  нь цэргийн уламжлалт, сонгодог дайнаас хавьгүй хямд төсөр. Зарим шинжээчид “Кибер дайны үр ашгийг дэлхийг нууцаар удирддаг нууц бүлэглэлүүд, олигархиуд, масонууд хүртэж болзошгүй” хэмээн сэрэмжлүүлж байна.


Ирээдүйн тулааны талбар бол интернэтийн сүлжээ. Энд гааль, татвар болон бусад хязгаарлалт байхгүй. Тэр бүү хэл кибер орон зай бол хуурай замын, далайн, агаар шиг л тулааны стратегийн талбай. Ялгаатай нь кибер дайнд орон зай, цаг хугацааны хүчин зүйлс ач холбогдолгүй.


2010 онд “Викиликс” сайт нууц материалуудыг хэвлэснээр 200000 долларын жилийн санхүүжилттэй, хэдхэн арван хүнтэй баг дэлхийн хэмжээний, маш үр дүнтэй дайралт хийж болохыг баталлаа. Шинжээчид “АНУ-ыг 100 сая доллар хүрэхгүй хөрөнгөөр сүйрүүлж болно” гэж дүгнэжээ.


Дэлхийн интернэтийн сүлжээнд кибертерроризм маш их хор хөнөөл тарьж байна. Хүчирхийлэл, арьсны ба шашны тэвчишгүй үзлийг сурталчилсан сайтууд нэмэгдэж, хэт даврагчид, террористуудын амьдрах орчин болж байна. Тэрчлэн дэлхийн даяаршлын эсрэг хөдөлгөөнийхөн, мөн том корпорациуд, улстөрийн байгууллагуудын сайтууд ру довтлогч хакерууд интернэтийг өргөн ашигладаг. Ер нь кибертерроризмын учруулж буй хор уршгийг хэдэн зуун тэрбум доллараар үнэлдэг.


Хятад, АНУ, Германы армид өндөр технологийн дайн явуулах цэргийн командлал, кибер анги нэгтгэлүүд бий. Тэднээс гадна дэлхийн 30 орон онлайн-кибер армитай, тухайлбал Израиль, Франц, Орос, Энэтхэг, Иран, Пакистан, Өмнөд ба Умард Солонгос.


АНУ ба Хятад улсууд кибер орон зайд ноёрхлоо тогтоохын төлөөх тулаанаа эхэлчихжээ. Интернэт технологид АНУ манлайлдаг ч коммунист Хятад хамгийн түрүүн буюу 1999 оноос интернэт сүлжээний дайнд бэлдэж эхэлсэн юм. Хятадын арми хэдийгээр энгийн болон цөмийн зэвсгээр АНУ-аас хоцорч байгаа ч шинэ технологид асар их хөрөнгөө хаяжээ. Тэд кибер орон зайд голдуу довтлох стратеги боловсруулдаг. Хятадын кибер арми 6000 хакертай. Түүнээс гадна 2 сая агенттай Хятадын тусгай албадын бие бүрэлдэхүүнд эх оронч үзэлтэй 20000 хакер багтдаг. Хятадууд 2003 онд АНУ-ын харилцааны сүлжээ рүү цуврал халдлага үйлдсэн юм. Хожим “Титаны бороо” хэмээн алдаршсан энэ халдлагад цөмийн судалгааны үндэсний лаборатори “Санди”, пуужин-сансрын төв /Редстоуновын/, “Локхид Мартин” корпораци, НАСА-гийн компьютерийн сүлжээ өртсөн. Тэр үеэр хятадууд 5-р үеийн бөмбөгдөгч, сөнөөгч “F-35” онгоцны материалыг хулгайлжээ. Нийт 300 тэрбум долларын өртөгтэй төслийн баримтууд хоромхон зуур Хятадын хоол болсон аж.


Пентагоны алдарт “Тоон хэрэм” нь 15000 компьютерийн сүлжээ, 7 сая компьютертой бөгөөд дэлхийн янз бүрийн орны 100 гаруй тусгай албад өдөр бүр тийшээ довтолж байдаг. Ер нь Пентагон олон жилийн турш өдөр бүр гадаадын хакеруудын довтолгоонд өртсөөр иржээ. Пентагоны харилцаа холбоо, түүний дотор “SPIRNET” дотоод систем рүү жилд 360 сая удаа халдлага үйлддэг. Харин Цэргийн яамны “GlobalInformationGrid” сүлжээг өдөрт 3 сая удаа довтолдог гэнэ.


2007 онд Хятадын хакерууд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын шуудан, Пентагоны сүлжээнүүд, Төрийн Департамент, Сангийн болон Эрчим хүч, Худалдааны яам зэрэгт ээлж дараалан халдаж, маш их нууц мэдээллийг хулгайлжээ. Үүнийг америкчууд “Кибер орон зайны Перл-Харбор” гэж нэрлэсэн. Тэр бүү хэл НҮБ-ын төв байр руу ч халджээ. 2008 онд гадаадын нэгэн тагнуул Ойрхи Дорнодод байршилтай АНУ-ын цэргийн баазын офицерийн нөүтбүкт флашаа хийн вирус тараажээ. АНУ-ын Төв командлал, Пентагоны нууц файлуудыг үл мэдэгдэх этгээд ийнхүү хуулан авсан аж. Уг вирусийг зөвхөн жилийн дараа л сүлжээнээс арилгаж чадсан гэдэг.


ОХУ-ын “Касперскийн Лаборатори”-ийн мэдээгээр хамгийн их хакерддаг орнууд бол АНУ (27,6%), ОХУ (22,6%), Хятад (12,8%), Нидерланд (8,3%) гэнэ. Интернэт хөгжихийн хэрээр нэгэн аймшигтай аюул илэрлээ. Голдуу өрнөдийн орнуудын үндэсний аюулгүй байдал нь кибер сүлжээнээс хамаардаг аж. Хөгжингүй орнууд хамаг эдийн засаг, эрчим хүч, тээврийн дэд бүтцээ интернэтэд холбоод хаячихсан. Иймээс кибер довтолгоо нь цөмийн цохилтоос ч илүү хор хөнөөл учруулах магадлалтай. Тэгэхээр дайны дараагийн  үе шат нь зөвхөн гар тулаан болно гэж шинжээчид баталж байна. Чухам ийм учраас АНУ болон өрнөдийн орнууд кибер хамгаалалтад асар их хөрөнгө хаясаар. Тэгэхээр дайсан руу довтлох бус хамгаалах стратеги давамгайлж байна.
АНУ их хожуу кибер дайнд бэлдсэн. 2009 оны 6-р сард Пентагоны шинэ яам (U.S.CyberCommand) байгуулагдсан бөгөөд кибер тусгайн анги нь 1000 хакертай. Тэд тагнуул хийхээс гадна АНУ-ыг кибер халдлагад өртөхөөс хамгаалж, өрсч цохилт өгөх үүрэгтэй. Одоо Пентагон интернэт сүлжээнд “Манхэттэн” нууц төслөө хэрэгжүүлж байна. АНУ ойрын жилүүдэд хакеруудаас хамгаалахад зориулж, 11 тэрбум доллар зарцуулахаар болжээ. Мөн ийм хэмжээний мөнгийг дэд бүтцийн чухал объектуудыг хамгаалахад төсөвлөсөн байна.


АНУ-ын  явуулж байсан Евразийн геополитик нь Атлантын далайгаас Номхон далай хүртэлх өргөн уудам газар нутагт сүйрснийг дэлхий нийт харж байна. Иймээс Евразийн төлөөх Өрнө-Дорнын сүүлчийн дайн нь дэлхийн интернэт сүлжээний кибер тулаан болох төлөвтэй. Иймээс мэдээллийн дайны арга барилууд интернэтийн сүлжээ рүү шилжсээр.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.