2020.12.24

Ц.Туваан: Өвс, тэжээлийн гааль, НӨАТ чөлөөлөх хуулиуд хэзээ хэрэгжих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:

Засгийн газрын хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулж ирсэнтэй танилцлаа. Амьдралтай ойрхон асуудал огт тусгагдаагүй байна. Албаны үг хэллэгтэй заалтууд л орсон байна. Ковидоор бид улстөржих биш харилцаануудаа зохицуулахад нэлээн анхаармаар байна. Хүнсний хангамжийн хямрал гэдэг юм яг одоо болж байна. Энэ талаар хуульд яаж туссан бэ?

Бид нар сая "Хотынхондоо туслая" гэдэг аян зохион байгуулж хэдэн төгрөг цуглуулаад багц болгоод өгье гэхээр гадуур олноороо байх хүнсний нөөц гэдэг юм байхгүй байна. Удахгүй бид хүнсний хямрал гэдэг юманд орох нь байна. Үүнийг яаж тусгасан бэ?

Хөдөө орон нутагт хүйтний эрч он дамнаад асар өндөр болох нь цаг уурын мэдээллээр тодорхой болчихлоо. Тэгэхээр өвс, тэжээлийн гааль НӨАТ чөлөөлнө гэж байсан хуулиуд хэзээ хэрэгжих гэж байна вэ? Үүн дээр бүр онцгой анхаарч, хуульдаа тусгаж өгье. Үнэ их өслөө. Хивэгний үнэ одоо 28000 болоод өссөн байна. Энэ байхгүй зохицуулалт байгаа учраас үүнийг тусгая.

Хувийн нууцтай холбоотой асуудлууд яаж туссан бэ? Иргэн Д насаараа үр удам, хамаатан садангууд нь ковид-19 тараасан нэртэй болох гэж байна. 

Өмнөх хуульд байгаа мөртлөө хэрэгжээгүй боловсролын салбартай холбоотой сургалтын төлбөрийн асуудал хойшлох, дараагийн семистэрт тооцох асуудал яаж туссан бэ?

Дотуур байранд мөнгө төлж суудаг. Энэ асуудал энэ хуульд байхгүй байна. 

Хууль шүүхийн байгууллагууд энэ хөл хорионы үед ажиллаж байгаа. Гэтэл өмгөөлөгч нарт ажлаа хийх боломжоор хангаж өгөөгүй байна. Үүнээс болоод иргэн өөрийнхөө эрхийг хамгаалуулах тал дээр шүүх хурал дээр өмгөөлөгчгүйгээр байцаалтанд орох нөхцөл байдал үүсч байна. Үүнийг хуульд яаж тусгасан бэ?

Мэдээллийн нэгдсэн сан байхгүй гэж байна. И-Монголиа хаачсан бэ? Үүнийг нэгтгээд хуульд оруулсан уу? Үүн дээр бодитой эдийн засгийн асуудлуудыг шийдэх шаардлага үүсч байна. Тусгай сан байгуулаад шийдэх асуудал яаж туссан бэ?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.