"Монгол Газрын Тос Боловсруулах" Үйлдвэр ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийн хамтаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 онд БНЭУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын Засгийн газрын 92 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан төрийн өмчит компани юм.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэнэ.
Мөн үйлдвэрийн ажиллагсдын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн "Газрын тосны үйлдвэрийн хотхон" байгуулагдах бөгөөд эхний ээлжийн барилгууд энэ оны 7 сараас ашиглалтад орно.
Монгол Улс гаднаас жилд 2 сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авч байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 85 орчим хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна.