ИРИД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ...
2012.08.11

ИРИД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ...

Иргэний дайны хөлд нэрвэгдээд жил гаруй болж буй Сирид Засгийн газрын цэргүүд хийгээд сөрөг хүчний босогчдын дунд мөргөлдөөн үргэлжилсээр. Өнгөрсөн хугацаанд 18.000 иргэн дайны золиос болж, амь үрэгдсэн тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлж буй. Сири дэх байдлын талаар “Newsweek” сэтгүүлийн долоодугаар сарын дугаарт гарсан өгүүллийг товчлон хүргэж байна. “Dama rose” зочид буудлын усан сангийн дэргэд Сирийн залуухан иргэн Ливиэс импортолсон шар айраг шимж, Аделийн “Someone like you” дууг сонсонгоо наранд бие шарж хэвтэнэ. Түүний өмнө орос бүсгүй хөгжмийн аялгуунд намуухан бүжих нь гайхам. Машин дэлбэлж, бөмбөг тэсэлж, өглөө болгоны нарыг бүлэг хүмүүсийн үхлийн тухай мэдээгээр эхэлдэг байтлаа Сири улсын зүрхэнд ийм тайван хэмнэл байх гэж. Хажууханд усан санд хэсэг залуу усан буугаар бие биеэ хороож буй мэтээр тоглоцгоох нь сая л нэг Сирид буйг минь санууллаа.

 

15 сарын турш үргэлжсэн бослого өдгөө ч намжаагүй, цуст аллагын тухай мэдээнд иргэд нь дассан ч Башар Асадын эсрэг тэмцлээ зог соогоогүй л байна. Одоогоор Сирийн 10 мянган иргэн тэмцлээс болж амиа алдсан тухай мэдээг НҮБ-аас гаргажээ. Харин хүний эрхийн байгууллагуудын мэдэгдэж буйгаар өдөрт 35000 иргэн халдлагад өртөж буй аж. Бослогын халуун цэг Дамаск, Алеппо хотуудад дайны байдалтай байхад зэргэлдээх Мезза дүүрэгт иргэд дундаж зэрэглэлийн ресторанд оргилуун дарс шимж, “Versace”-гийн дэлгүүрээр хэсэн, ёстой л юу ч болоогүй мэт аж төрж байгаатай таарав. “Би урьд урьдынхаасаа ч илүү их ажиллаж байна” хэмээн Сирийн телевизийн од Дима хэлэв. “Би Америк, Ливид ажиллах дуртай. Гэвч яг одоо халуун цэг энд л байна шүү дээ” хэмээн Дима хэлээд, “Gala Magazine” сэтгүүлийн зураг авалтад орохоор үргэлжлүүлэн нүүр будалтад орлоо. “Орой томоохон үдэшлэг болох учраас би үсээ янзлуулж, хумсаа будуулахаар явж байна. Та гайхаж байгаа биз. Хэдийгээр улс оронд маань дайн болж, цөвүүн цаг ирсэн хэдий ч би амьд байна. Бууны суманд өртчих вий гэж түгшиж амьдрахаас үнэндээ залхсан” хэмээн залуухан сири бүсгүй надад ярьсан.

 

Дөрвөн жилийн өмнө ЮНЕСКО Дамаск хотыг Арабын соёлын төвөөр зарлаж байв. Өдгөө ч Дамаскийн Дуурийн театрт сонгодог хөгжим эгшиглэсээр байна. “Зарим нь биднийг хүмүүс үхэж байхад хөгжим тоглолоо гэж зэмлэдэг. Гэхдээ бид өөрсдийгөө хүмүүст итгэл найдвар, урам зориг бэлэглэж байна гэж боддог. Шөнийн Дамаскт сонгодог хөгжим сонсох гээд Дуурийн театр руу алхана гэдэг үхлээ эрсэн хэрэг байх л даа. Гэхдээ тоглолтын танхимын гуравны нэг дүүрч байгаа” хэмээн хийлч эмэгтэй хэлсэн. Өөр нэгэн хөгжимчин “Бид яг л “Титаник” кинонд гардаг шиг, хөлөг живсэн ч хөгжимдөж л байх болно” гэлээ. Германчууд Ленинградыг бүслэх үед оросын хөгжимчид тоглосоор л байсан бахдам түүхийг тэр ярьсаар хоцров. Тэргүүн хатагтай Асма ал Ахрас хүүхд үүдийнхээ хамт Сириэс дүрвэх гэж байна гэсэн цуу яриа Дамаскийн гудамжаар “нисэх” болжээ. Башар Асадын эцэг Башар Хафез 1994 онд машины ослоор нас барж, 2000 онд түүний хүү Асад Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан юм. Тэр жилдээ Англи, Сирийн эрлийз Асмаг гэргийгээ болгосон байна. “Түүний гоо үзэсгэлэнг хараад Башар Асадыг бүр ч их үзэн ядмаар болдог” хэмээн нэгэн босогч надад хэлж байсан удаатай. Гэвч Асма ал Ахрас Сириэс оргон зайлж чадахгүй гэдэгт иргэд итгэлтэй байна. Учир нь, Башар Асадын ах Махер Сирийн Зэвсэгт хүчнийг командалдаг аж. Сирид орой бүр үдэшлэг болж, хүмүүс чөлөөтэй зугаацаж байгаа боловч иргэдийн хэлж буйгаар цагдаа нар энгийн хувцаслаад үе үе зочид буудал, ресторан, кафегаар тэнүүчилдэг гэнэ. Мөн хүмүүсийн утсыг нууцаар чагнаж, и-мэйлүүдийг хакердаж, бослогод идэвхтэй оролцож, дэмжиж буй хүмүүсийг илрүүлэхээр оролдож байгаа аж.

 

Хагас сайны өглөө бид Барзег зорив. Эндхийн цэргийн эмнэлэгт дэлбэрэлт болон босогчдын гарт өртөж, шархадсан олон тооны цэрэг, цагдаагийн ажилтан байна. Эмнэлэгт ирээд, шархаа даалгүй нас барсан нэгнийг нь Сирийн Төрийн далбаагаар бүрсэн авсанд хийж, гаргахтай ч таарав. Эмнэлгийн даргын хэлж буйгаар, долоо хоногт 100 орчим цэрэг босогчдын гарт амиа алддаг гэнэ. Уг эмнэлгийн долоон давхарт бослогын үеэр дэлбэрэлтэд өртөж, баруун хөл, баруун гараа алдсан цэрэг хэвтэнэ. “Бослого болж байсан газар гаднынхан их байсан. Ливи, Йемений иргэд байсныг би таньсан” хэмээн Фирас Жабр хэлэв. “Би шархдсанаа мэдсэн ч, нэмэлт хүчин ирэх хүртэл босогчдыг торгоож байсан” гэж хэлэхэд түүний нүднээс нулимс урсч байлаа. Артур хааны тухай зохиолд дуртай тэрбээр “Башар Асад бол Артур хаан. Харин би түүний цэрэг” гэж надад хэлсэн. Жабр Башар Асадад итгэдэг бөгөөд хэрэв хөл, гар нь бүтэн байсан бол босогчидтой үргэлжлүүлэн тэмцэх байсан гэлээ. “Би хоёр зүйлд л хайртай. Нэг нь миний гэргий, нөгөө Сири улс”. Дамаскийн гудамжаар алхаж явахад дэлбэрэлтэд өртсөн машины нүргээн цуу райтсаар л байв. “Бидний ганц нөхөр бол оросууд” хэмээн гудамжинд таарсан эр надад хэлэв. “Гаднынхан эх орныг минь дотор нь хагаралдуулахыг хүсэж байна. Гэхдээ Сири орон сиричүүдийн л өмч гэдгийг бид мартаж болохгүй. Харийнхан бидний соёлыг үгүй хийхийг л хүсэж байгаа. Асадын дэглэмийг нураах нь зөв л дөө.

 

Гэвч одоо "цаг нь биш” гэж Мариа Саади ярилаа. Бид Мезза дүүрэгт амьдардаг нэгэн чинээлэг айлын гэрт зочлов. Тэдний 17 настай хүү Ахмед “Тунист юу болсныг хар, Ливийг сана, Египетэд юу болж өнгөрснийг дүгнэ” хэмээлээ. Тэрбээр АНУ-д улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөсөн гэнэ. Ахмед дотроо Асадын үйлдэл зөв биш гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ Саадгийн хэлсэн шиг тэр хувьсгал хийх цаг нь одоо биш гэж бодож байгаа. “Яагаад бид Саудын Араб дахь ардчиллыг хуулбарлах гээд байгаа юм. Тэд өнөөг хүртэл эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрдөггүй биз дээ” хэмээн надаас асуулаа. Дамаскийн гудамжаар бөмбөгдөлтийн цуурай нүргэлж, инфляц өссөн, импортын зарим барааны үнэ 60 хүртэл хувиар нэмэгдсэн тухай иргэд нь ярилцана. Эртний түүхийн өлгий болсон энэ хот нэгэн цагт жуулчнаар дүүрдэг байсан бол өдгөө Дамаскийн хамгийн нэр хүндтэй зочид буудал болох “Talisman”-ы бүх өрөө эзэнгүй, эл хуль байна. Хажуугийн орон сууцны цонхоор үдэшлэгийн дуу сонстоно. Яг л Сирид юу ч болоогүй юм шиг...

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.