2021.03.22
Л.Оюун-Эрдэнэ: Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор үндэсний зөвлөл байгуулна
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэртээ 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв.
Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ.
Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ.
Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм