Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
2021.05.21

Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.

“Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэхэд хөрш орон тусламж, дэмжлэг үзүүлж  шаардлагатай вакцины нөөц бүрдүүлэх болон Гашуунсухайт, Нарийнсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэхэд Элчин сайдын хичээл зүтгэл их байсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцон, хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж, хамтран ажиллахаар тохиролцов.

“Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэн хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтээс шалтгаалж  ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдаад, үүнийг түргэсгэх талаар холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.