Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхэд “Нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулав
МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд иргэд хөдөлмөрчдийн “Нийгмийн захиалга” баримт бичгийг илгээсэн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2021.05.27/-нд МҮЭ-ийн холбооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлт болох “Нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулан өглөө.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
“Энэ онд Монголчууд та бидний хувьд түүхэн онцлог жил болж байна. Үндэсний эрх чөлөөний 110, Ардын хувьсгалын 100, Монгол Улсын тусгаар тогтнол халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж НҮБ-д бүрэн эрхэт гишүүн улсаар элсэн орсон 60 жилийн ой тус тус тохиож байна. Эдгээр түүхэн ойн жил тохиож буй энэ цаг үед Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын төрийн тэргүүнийг ирэх сарын 9-нд бид бүхэн сонгох гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу төрийн тэргүүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгодог байсан бол энэ удаад зургаан жилийн хугацаагаар та бид сонгоно. Өнөөдөр Монгол Улсын Ерөнийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий улс төрийн гурван намаас нэр бүхий гурван эрхэм нэр дэвшиж сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчдийн “Нийгмийн захиалгат бичиг”-ийг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарт гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүх иргэд хөдөлмөрчдийн “Нийгмийн захиалга”-ыг түүчээлэн авах гэж байна. МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага, аймаг, нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо, 3000 гаруй ҮЭ-ийн хороо тэдгээрт эвлэлдэн нэгдсэн 330 гаруй мянган ҮЭ-ийн гишүүдийн санал, энэхүү “Нийгмийн захиалга” баримт бичигт тусгагдсан болохыг нэр дэвшигч танд онцлон хэлэхийг хүсч байна. Монголын хөдөлмөрчин олны төрийн тэргүүндээ зориулан боловсруулан “Нийгмийн захиалга” баримт бичгийг хүлээн авч буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх танд иргэд хөдөлмөрчдийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Энэхүү “Нийгмийн захиалга” баримт бичгийг хүлээн авч буй анхны нэр дэвшигч болж буйд талархал илэрхийлэхийн сацуу таны сонгуулийн ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе”
хэмээн хэлж иргэд хөдөлмөрчдийн боловсруулсан “Нийгмийн захиалга”-т баримт бичгийг гардуулан өгөв.
Мөн энэ үеэр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, У.Хүрэлсүх:
Хөдөлмөрчдийн “Нийгмийн захиалга” хэмээх хариуцлагатай чухал баримт бичгийг гардуулсан Та бүхэнд их баярлалаа. МҮЭ-ийн холбоо бол хамгийн чухал байгууллагуудын нэг билээ. Энэ онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа гэтэл үйлдвэрчний байгууллага үүсээд 104 жил болж буй билээ. Монгол түмнийхээ итгэл найдварыг дааж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хөдөлмөрчин түмний дуу хоолой болон ажилладаг МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгээ амлаж байна. Учир нь МАН нийгмийн чиг баримжаатай социал демократ нам энэ ч утгаар ард түмний хөдөлмөрийн язгуур эрх ашгийг хамгаалж, үзэл санааны хувьд ойр дөт ажиллаж ирсэн түүхтэй. Иймд Монголын ард түмэн, хөдөлмөрчин олны эрх ашгийг хамгаалдаг агуу түүхт ҮЭ-ийн байгууллагын явуулж буй үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ та бүхэнд илэрхийлье”
хэмээн хэллээ.
Мөн энэ үеэр МҮЭ-ийн холбооны “Хүндэт дэвтэр”-т Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх гарын үсэг зурсанаар иргэд хөдөлмөрчдийн “Нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулах ёслолын үйл ажиллагаа өндөрлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН, ХҮН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Д.Энхбат нарт энэхүү “Нийгмийн захиалга” баримт бичгийг товлон гардуулна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn