Загастайн давааны замын ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна
2021.06.07

Загастайн давааны замын ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна

Загастайн давааны замын зорчих хэсэг ашиглалтад орсноор Завхан аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.


Анх 2019 оны зургаадугаар сард эхэлсэн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил давааны замын барилгын ажил хөл хорионы улмаас тавдугаар сараас эхэлсэн. Энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилтыг хийнэ. Мөн нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Харин барилгын ажлын талбайд өнгөрсөн жил газар шорооны ажил 98 хувьтай, суурийн ажил 70 хувь, асфальт бетон хучилтын ажил 68 хувьтай хийсэн байна. Мөн хиймэл байгууламж буюу төмөр бетон хоолойн ажил 85 хувь, Загастайн голын гүүрний ажил 95.0 хувь, Хатавчийн голын гүүрний ажлыг 93.0 хувьтай хийжээ. Тус замын ажлын явцтай УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болон аймгийн удирдлагууд газар дээр нь очиж танилцжээ. Ирэх долоодугаар сарын 10 гэхэд тус замыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн ИТХ-аас мэдээлэв.