“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2021.06.23

“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Монголд анх удаа “Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгууллаа. Хуралд зориулан гаргасан “Дэлхийд тархсан монгол өв: гар бичмэл, архивын баримт” сэдэвт хамтарсан үзэсгэлэн 2021.06.21-ний өдөр нээлтээ хийсэн байна.

Энэхүү арга хэмжээг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун нар үг хэлээд, хуралд оролцогч эрдэмтэн, судлаачдад амжилт хүсэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Монголын төр засгаас өөрийн түүх, соёлын өвийг сурвалжлан цуглуулах, хадгалан хамгаалах талаар олон чухал бодлогыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн.

1921 оноос эхлэн Музейн тухай хууль бусад эрх зүйн баримт бичгүүдэд үндэсний түүх, соёлын ховор нандин дурсгалыг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, олон улсын байгууллага, сонирхогч орнуудтай хамтран ажиллах зэрэг үндэсний түүх, соёлын өвийн тухай олон харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтуудыг тодорхойлж өгсөн. Мөн 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр засгаас НҮБ-ын ЮНЕСКО-гийн баримтат өвийн жагсаалтад Монголын түүх, уран зохиолын ховор чухал дурсгал, нэр томьёоны толь бичгийн модон бар зэрэг хэд хэдэн чухал баримтуудыг тус тус амжилттай бүртгүүлсэн.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас үндэснийхээ соёлын үнэт өвийг хадгалах хамгаалах, дэлхийн соёлын өв санд бүртгүүлж, бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ уламжлан өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд хүн төрөлхтөний болон ЮНЕСКО-гийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх болсон нь монголчуудын хувьд нэгэн бахархал, бас хариуцлагатай, хүндтэй чухал үйл явдал болсон” хэмээн онцлов.

Хурлын нээлтийн үеэр онцлох нэгэн үйл явдал болсон нь МУИС-ийн багш, доктор дэд профессор О.Оюунжаргал БНХАУ-ын түүхийн нэгдүгээр архивын сан хөмрөгөөс хуулбарлан авсан баримтыг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өгч, үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулсан явдал байв.

Хоёр өдөр үргэлжлэх олон улсын эрдэм шинжилгээний хуралд найман орны эрдэмтэн судлаачдын 20 гаруй илтгэл хэлэлцэгдэх юм.

Эдгээрээс өнөөдөр ОХУ-ын эртний улсын архив дахь монгол ноёдын захидлууд, Унгараас Монголд ирсэн хүмүүсийн тэмдэглэлүүд, В.И.Лениний нэрэмжит улсын номын санд хадгалагдаж буй монгол гар бичмэлийн тухай, Польш Улсад хадгалагдаж буй нэрт монголч эрдэмтэн Котвичийн хөмрөгт буй Монголын түүхэнд холбогдох баримтууд, Европ дахь монгол хэл бичгийн дурсгалууд ба тэдгээрийн судалгаа, Их Британид хадгалагдаж буй Монгол орноор аялсан болон дайран өнгөрсөн хүмүүсийн тэмдэглэл, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй гадаад орноос хуулбараар авсан баримтууд зэрэг сонирхолтой долоон илтгэлийг монгол судлаач, эрдэмтэд хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр оролцогч эрдэмтэн, судлаачид цаг үеэ олсон тэр дундаа Монголын түүх, соёлын дурсгалын талаар шүүн хэлэлцэж, тус улсын түүхийн судалгаанд хэрэглэгдэх, архивын сан хөмрөгийг баяжуулан зузаатгах маш үнэ цэнэтэй санал, зөвлөмж, дүгнэлтийг ажил хэрэгчээр ярилцаж зөвлөлдөх боломжийг олгосон, түүхэн үйл явдал болохуйц үр өгөөжөө өгсөн, чухал хурал болж байгааг хэлж байв.