Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэв
2021.08.23

Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэв

АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ,хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв.

Тэрээр  манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны 1 дүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь  нэр төрөл бүр дээр үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн байна.

 Өнгөрсөн хугацаанд 2020 оны 4 дүгээр сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан 2020 оны 5 дугаар сараас он дуустал Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулан Улаанбаатар хотын хэмжээнд 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.

 Дэлхийн банк болон  ОУВС-аас 2021 онд  дэлхийн эдийн засгийн  төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна.  Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12  дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв. Мөн АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд түүнчлэн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд  газрын тосны үнэ өсөхөд түлхэц болж байна.

Саудын Арабын улс бусад ОПЕК-ийн орнуудад мэдэгдэлгүй гэнэт  өдрийн олборлолтоо огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ нэмэгдэх хүчин зүйл болов. 2020  оны 5 дугаар сараас хойш  “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас бараг 3 дахин өсөж 56 ам.доллар/баррель  болоод байгаа  нь бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортлодог манай улсын хувьд шатахууны  үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.  

Цаашид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 65 ам.доллар/баррель болно гэмээн  таамаглаж байгаа билээ.