2021.09.29
Дарханы замын асуудлаар ярилцлаа
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын асуудлаар ЗТХЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, төслийн нэгжүүдийн удирдагчидтай өнөөдөр уулзаж мэдээлэл сонсож, чиглэл өглөө.
Уулзалтаар АХБ болон ЕСБХБ-ний санхүүжилттэй нийт 10 багц ажлын явц, гүйцэтгэл, хоцрогдлын мэдээллийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярилцлаа.
- Ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа шалтгаан, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар;
- Нийт замын ажлын гүйцэтгэлийн чанар, түүний хяналт;
- Түр замуудын нөхцөл байдлыг сайжруулах гэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд ярилцлаа.
Нийт багцуудын хувьд АХБ-ны 1,3,5-р багцуудын ажил энэ онд, ажил нь саатсан 2,4-р багц болон ЕСБХБ-ны 5 багц нийт 7 багц нь 2023 оны намар дуусах гэрээний хугацаатай байгаа юм.
Гэвч өнөөдрийн байдлаар нийт ажлын хоцрогдол 40 гаруй хувьтай байна. Энэ нь цаг агаар, Ковидын хорио цээр болон гүйцэтгэгч компаниудын дотоод зохион байгуулалт гэсэн 3 үндсэн шалтгаанаас үүдэлтэй байгааг яамныхан тайлбарласан.
- Зохион байгуулалттай холбоотой удаашрах асуудал байж болохгүй. Чаддаггүйг нь болиулж, чаддагийг нь шуурхай оруулж ажиллуулах хэрэгтэй.
- ЗТХЯ-ныханд АХБ-ны 2,4-р багцыг 1 компанид өгч гацаалгасан алдааг давтахгүй байхыг анхааруулсаар байтал ЕСБХБ-ны урсгал дээр 2,3-р багцыг "Жунмей Инженеринг Групп" гэж нэг компанид өгөөд 2 багцын ажил одоо төлөвлөгөөнөөс 45% орчим хоцрогдолтой явж байна.
- Дэндүү хариуцлагагүй. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг юм хийсэн хүмүүс алдаагаа давтаад байгаа нь хариуцлага ярих шаардлагатай болгож байна.
- Иргэдээс Дарханы замын бүтээн байгуулалтын ажил дээр ажиллаж байгаа компаниуд ажлаа хийхгүй, цөөн техник, хүн байна, цаасан дээрх тооноос бага байна гэсэн гомдол их ирдэг. Иймд “Олон нийтийн хяналт” бий болгох талаар салбарын сайдад хүсэлт явуулж зөвшөөрсөн хариу авсан байгаа. Иймд яамнаас судалгаа хийж “Олон нийтийн, иргэдийн хяналт”-ын загвар боловсруулан ажил хэрэг болгохыг даалгалаа.
Товчхондоо иргэд, ТББ-тай хяналт, мэдээллийн чиглэлээр гэрээ хийж хамтран ажиллах шаардлагатай. Ингэснээр замын бүтээн байгуулалтын ажил олон нийтэд нээлттэй, ил тод, хараа хяналт дор хурдан, шуурхай, чанартай гүйцэтгэл хийгдэх боломж нэмэгдэх болно.
Ойрын үед яамны төлөөлөл, гүйцэтгэгчид, хяналтын компаниудыг байлцуулан Дарханы замын бүх багцуудын ажлын явцыг газар дээр нь очиж мэдээлэл хүргэнэ. Мөн УИХ-ын Үйлдвэржилтийн Байнгын хорооны хуралдаанд тус замын асуудлаар хэлэлцэх санал хүргүүлж байгаа.УИХ-аас чиглэл өгч энэ замд дорвитой анхаарал хандуулах цаг болсон.
хэмээн Г.Дамдинням гишүүн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn