УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо хуралдаж, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлав
2021.10.28

УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо хуралдаж, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлав

Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2021.10.28) эхэлж, тус Дэд хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Дэд хорооны дарга Ё.Баатарбилэг Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хууль сурталчлах уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах ажлууд хойшлогдсон тул Дэд хорооноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний цаглаварт өөрчлөлт оруулсан гэж танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулах уулзалтыг Дархан-Уул, Орхон аймгуудад зохион байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох ажиллагааг тус төлөвлөгөөнд тусгах тухай санал хэлсэн.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийг үндэслэн Нутгийн удирдлагын дэд хорооны 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө гишүүдийн олонхын саналаар батлагдлаа.

Дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд сургалт зохион байгуулах, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нартай нэгдсэн уулзалт зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөгдсөн байна