Д.Баярсайхан: Эдийн засгаа солонгоруулахад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлагатай
2021.11.29

Д.Баярсайхан: Эдийн засгаа солонгоруулахад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлагатай

Улсын Их Хурлын өнгөрсөн оны намрын чуулганаар анх удаа Зээлийн хүүг бууруулах стратегийг  батлахдаа дөрвөн үндсэн чиглэлийг гол болгосны нэг нь Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үүн дотроо банкны зээлтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүний үйлчилгээ буюу бондын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилт тавьсан билээ.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хийж хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн үр дүнд гучин жилийн түүхтэй Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өндөр өсөлттэй байна. Тодруулбал  2019 оны эцэс буюу 2020 оны эхэнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2,7 ихнаяд төгрөгөөр өссөн бол өнөөдрийн байдлаар 5,2 ихнаяд төгрөгний үнэлгээтэй болжээ. Зөвхөн 2-р улирлаар бодоход өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад арилжааны хэмжээ 22 дахин өссөн юм. Ийнхүү Хорооноос бондын зах зээлийг хөгжүүлэх зохицуулалтын хүрээнд Бүртгэлийн журмыг хувьцааны бүртгэл, өрийн хэрэгсэлийн бүртгэл гэж хоёр ангилсан юм.

Өрийн хэрэгсэлийн бүртгэлийг харьцангуй хувьцааны бүртгэлээс хялбаршуулж  үнэт цаас гарахад дундын жуулчлагч этгээд буюу гол үүрэг гүйцэтгэгч андеррайтерт илүү их үүрэг хариуцлага ногдууллаа. Бүр цаашлаад анхдагч зах зээлийн арилжааг зөвхөн хөрөнгийн бирж биш андеррайтер төвтэй хийх энэ боломжийг нээж өгсөнөөр харьцангуй хурдан хугацаанд компани бонд гаргах боломжтой болж, 2021 онд хөрөнгийн бирж дээр 10 шинэ бүтээгдэхүүн гарлаа. Түүнчлэн манай улсад Хөрөнгийн зах зээл үүсээд 30 жил болох хугацаанд зөвхөн Биржийн зах зээл ажиллаж байсан бол  анх удаа Биржийн бус зах зээлийг нэвтрүүлснээр илүү хурдтайгаар санхүүжилт татах боломж нээгдсэн нь энэ салбарын хөгжилд томоохон дэвшил боллоо.

Мөн Хорооноос давхар бүртгэлийн журмыг баталсанаар хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй манай улсын томоохон компаниуд хувьцаагаа давхар арилжаалах, уг ажиллагаатай холбоотой бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх, дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дорвитой хэмжээнд нэмэгдүүлэх, хувьцааны хөрвөх чадварыг сайжруулах, бирж хоорондын хувьцааны хөрвүүлэлтийг хийх боломжтой болсон нь бас л энэ салбарын түүхэн дэхь анхдагч үйл ажиллагааны нэг болсон юм. Үүнээс гадна сүүлийн 10 аад жил яригдаад ажил хэрэг болоогүй байсан төлбөр тооцооны Т+2 дараа төлбөрт горимыг амжилттай нэвтрүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын зах зээлд татах боломж бүрдлээ. Энэ горим нэвтэрснээр хөрөнгө оруулагчид 48 цаг буюу 2 хоногийн хугацаанд манай  зах зээлд оролцож арилжаа хийх боломжтой болж байгаа юм. Хэдийгээр Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, дэд бүтцийн орчинг олон улсын жишигт нийцүүлэх цогц арга хэмжээ авсаны үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэнд хамгийн дээд түвшинд буюу 5.0 их наяд төгрөгт хүрч чадсан нь цөөн тооны хувьцаат компаниудын үнэлгээнээс илүүтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сэргэж, арилжаанд оролцох идэвх нэмэгдэж, бүртгэлтэй хувьцаат компанийн нийт үнэлгээ өссөнийг онцлох хэрэгтэй.

Цаашдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтын тодорхой өөрчлөлтийг оруулах, аж ахуйн нэгжүүдээс дотоодын зах зээлд олон нийтэд санал болгон үнэт цаас гаргах /IPO/, хөрөнгө оруулагчдын ханшийн зөрүүнээс олсон ашиг /capital gain/ болон ногдол ашгийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх замаар татварын бааз суурийг бэхжүүлэх, мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг биржээр дамжуулан зохион байгуулж, төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани буюу нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсээд байгаа.

Түүнчлэн эдийн засгаа солонгоруулж үүн дотроо хөрөнгийн зах зээлээ хөхиүлэн дэмжихэд татварын бодлогоор  дэмжихээс гадна энэ нь зөвхөн одоогийн хэрэгжиж байгаа татварын хувь хэмжээг бууруулах биш урт хугацаандаа татварын суурь баазыг өргөтөхөөс гадна энэ салбарыг өргөжүүлэхэд дэлхийн жишгээр манай үндэсний томоохон компаниуд болон иргэд хөрөнгийн зах зээлд оролцож, зөв засаглалыг бий болгож хөгжлийг хурдасгаж, иргэд өгөөжөө хүртдэг тогтолцоонд шилжих шаардлагатай байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn