Б.Даваажаргал: Бидний зурсан ханын зураг нь тухайн байгууллагын QR код
2021.12.13

Б.Даваажаргал: Бидний зурсан ханын зураг нь тухайн байгууллагын QR код

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилт олгох 2021 оны улсын уралдаан амжилттай боллоо. Шалгаруулалтад Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай аймгийн багууд өрсөлдөв. Нэгдүгээр байрт “ART rect” баг ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр шалгарсан юм. “ART rect” багийн ахлагч Бямбадоржийн Даваажаргалтай ярилцлаа.

-Юуны түрүүнд баяр хүргэе. Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болж өнгөрөв?

-Баярлалаа. Тэмцээн ширүүн, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Нийт 56 багаас шилдэг 10 баг шалгаруулахад манай баг хамгийн сүүлд тэнцсэн. Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах уралдааны шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС-ийн профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажилласан. Хүчтэй багууд, сүрдмээр шүүгчдийн шалгаруулалтад тэнцлээ.

Тухайн үед эхний байрт орлоо гэхэд “нулимсаа нуулгүй” гэдэг шиг их баярласан. Миний хувьд төсөөлөөгүй амжилт байв. Учир нь өрсөлдөгч багууд маань их хүчтэй, туршлагатай. Тодруулбал, хоёрдугаар байранд орсон “Хурын шим” баг Монгол сармис үр үржүүлэг, гадаадаас импортоор орж ирдэг ногооны үрсэлгээг эх орондоо ургах боломжийг шийдэж, Монголын аль ч аймаг ургаж болох сонгинын сортыг гаргасан. Мөн гуравдугаар байранд орсон “Хөрсгүй тариалалт” баг хөрсгүй тариалалтын гурвалсан технологийг нэвтрүүлсэн. Хүний биед хор нөлөөгүй, эко эрүүл аргаар ургуулсан хүнсний ногоо гэх мэт гайхалтай технологийн дэвшил, санаанууд оролцогчдоос гарсан.

-Танай баг ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөө хэзээнээс нэвтрүүлсэн бэ? Ханын зурагт тус технологийг хэрхэн ашигладаг талаараа дурдвал?

-Би зураач мэргэжилтэй. Олон жил уран бүтээлээ хийхийн зэрэгцээ чөлөөт уран бүтээлч гэгдэж ханын зураг зурсан. Харин өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ханын зургийг AR технологийг судалж, туршсан. Мөн уг технологийг хөгжүүлэгч, контент үйлдвэрлэгч “Аргун трейд” компанитай хамтран ажилладаг. Энэхүү AR технологи нь “Augmented Reality” гэх үгийн товчлол.


Програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн аливаа графикийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм. Үүний хүрээнд ханын зургийг орчин үeийн тeхнологитой хослуулан хөгжүүлсэн. Ингэснээр гэр, цэцэрлэг, сургууль, ажлын орчин, рeклам зар сурталчилгааны хэсэгт зуруулсан зураг тань хөдөлдөг, ярьдаг, амьд мэт мэдрэмж төрүүлж болно гэсэн үг. Энэ жилээс нэвтрүүлж эхэлсэн учраас урлаг, технологийн хослол гэдэг нь шүүгчдэд таалагдсан байх.

Тэмцээний шүүгчид “Чиний технологи, хийж байгаа ажлаас чинь маш олон зүйл харагдаж байна. Тиймээс хамгийн хөгжих боломжтой гэж үзсэн” хэмээн хэлсэн. Бид зурганд контент оруулж, тухайн зургийг хөдөлгөн, ямар нэг байдлаар дүрсжүүлдэг. Жишээлбэл, ямар нэг газар ханын зураг зуруулахыг хүсвэл түүнийг нь гудманд график маягаар зурж болно. Зургаа бүтээсний дараа захиалсан газраа ямар байгууллага болох талаар нь танилцуулах видео шторк бэлдэнэ. Түүнийгээ бүтээлдээ таниулснаар бидний зурсан ханын зураг нь тухайн байгууллагын QR код шиг таних тэмдэг болж хувирах юм. Үүнийг “Аргун трейд”-ээс гаргасан хэрэглүүрт таниулснаар компанийн сурталчилгаа, видео зэрэг нь явж эхлэх юм.

-Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Манай баг үндсэн болон туслах гурван гишүүнтэй. Нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид ханын зургийн захиалга авч, хоёр тусдаа газар ч ажиллах боломжтой. Өдөрт 20-80 метр квадрат газар ханын зураг зурах боломжтой. Үндсэн гишүүд болох Б.Бямбажаргал, Ө.Мөнхзул нартай хамтран ханын зурагт AR технологийг нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулж байна.

-Энэ жилийн гарааны бизнес шалгаруулах уралдааны онцлог нь юу байв?

-Улсын шилдэг старт-ап буюу гарааны бизнес шалгаруулах арга хэмжээний нь европын хэд хэдэн төсөл болон ХНХЯ-ны санхүүжилтээр зохион байгуулагдсан. Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа боллоо. Өмнө нь аймаг, дүүргийнхээ аваргыг шалгаруулаад тухай бүрд нь арван сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байлаа. Харин энэ оноос эргэн төлөх нөхцөлгүйгээр аймаг нийслэлээс шалгарсан залуус улсад өрсөлдөх эрхтэй болсон. Миний хувьд үүнийг их үр дүнтэй, зөв зүйл гэж харлаа. Яагаад гэвэл гарааны бизнес эхлүүлж байгаа залууст эргэн төлөх нөхцөлгүйгээр цаашид өсөж хөгжих боломжийг өгч байна.

-За баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ ташрамд тэмцээнийг зохион байгуулсан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон бусад хүмүүс талархсанаа илэрхийлье.