"Ногоон дэлхий – Бидний ирээдүй" уралдааны шилдгүүд тодорлоо
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын алба, Төрөлх-Алтай ТББ хамтран Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зарласан гурван төрөлт уралдаанд 1300 гаруй бүтээл ирснээс шилдгүүдийг нь тодрууллаа.
Бага анги буюу 1-4 дүгээр ангийн сурагчдын дунд зарласан “МӨРӨӨДЛИЙН АЛТАЙ – МИНИЙ ЕРТӨНЦ” сэдэвт гар зургийн уралдаанд 500 орчим бүтээл иржээ. Алтай нутгийн хүүхэд багачууд төрөлх нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг өнгө будгаар илэрхийлсэн эдгээр бүтээл нь бага ангийн сурагчдын сэтгэлгээ, гоо зүйн боловсролын түвшин, тэдний хүсэл мөрөөдлийн тод илэрхийлэл болж чадлаа.
Дунд анги 5-8 дугаар ангийн сурагчдын дунд хамгийн Өөрийн хайртай дотны хүндээ илгээх чин сэтгэлийн үгээ захидлаар илэрхийлэх боломжийг “НАНДИН ЗАХИДАЛ” уралдаан олгов. Энэ уралдаанд нийт сурагч 400 хүүхэд бүтээлээ илгээжээ. Хүүхдүүд хайртай дотно хүндээ хэлэхсэн гэсэн чин сэтгэлийн үгээ өөр өөрийн захидалд бичсэнээс гадна захидлынхаа өнгө үзэмж, дугтуйны хэлбэр загвар зэрэгт чин сэтгэл, бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь энэ уралдааны онцлог байлаа. Захидлууд өнөөгийн нийгмийн байдал, гэр бүлийн харилцаа, өсвөр үеийнхний ертөнцийг үзэх үзэл, бусдыг хайрлах хүндлэх сэтгэл зэрэг олон асуудлын тусгалыг илэрхийлж чадсанд уралдааны гол ач холбогдол оршиж байна.
9-12 дугаар ангийн сурагчид “АЛТАЙН ХӨГЖИЛ – БИДНИЙ НҮДЭЭР” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож 400 гаруй бичвэр ирүүллээ. Алтай нутгийн хөгжлийн өнөөгийн дүр төрх, сайн саар тал, асуудлыг шийдэх арга зам, хамгийн гол нь Алтай нутаг ирээдүйд хэрхэн хөгжих ёстой вэ гэдэг талаар ахлах ангийн сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд Ерөнхий боловсролын сургуулийн гурван үеийнхний сэтгэлгээний түвшин, бүтээлч байдал, нийгмийн идэвх, өөрийгөө илэрхийлэх чадвар, зурах, бичих найруулах ур чадварыг харуулахаас гадна сургууль, багш нарын ажлын зохион байгуулалт, сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд хэрхэн хандаж байгааг тодорхой болгож өгсөнд энэхүү уралдааны гол ач холбогдол оршиж байна хэмээн уралдааны зохион байгуулагчид, шүүгчид дүгнэлээ.
Энэ удаагийн уралдаанд Алтай нутгийн хүүхэд багачуудын үзэл бодлыг сонсож, авьяас чадварыг нь илрүүлэх үндсэн зорилгоо хангаж чадсан бүтээлч ажил боллоо.
Уралдаанд Алтай хотын 5 сургууль, 18 сум, 2 тосгоны Ерөнхий боловсролын сурагчид оролцож, бүх оролцогч хүүхдүүдэд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зүгээс Шинэ жилийн бэлэг хүргэлээ.