С.Одонтуяа: Ковидын хуулиар улсын төсөв ямар ч хяналтгүй урсаж байна
2022.03.21

С.Одонтуяа: Ковидын хуулиар улсын төсөв ямар ч хяналтгүй урсаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хөгжлийн банканд үүсээд буй асуудлыг шалгах түр хороо байгуулах талаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд тодорхой нэг асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэж заасан байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкны олгосон чанаргүй зээлийн талаар түр хороо байгуулах санаачилга гаргасан байна. Үүнд УИХ-ын 5 гишүүн нэгдэж гарын үсэг зурсан гэдгийг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбаатар хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш хуулийн хүрээнд ажиллаагүй байна. Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас тус банканд дөрвөн удаа хяналт шалгалт хийсэн дүнг нь нууцын зэрэглэлд оруулсан байсан. Өнгөрсөн сард хоёр шалгалтын дүнг нууцаас гаргасан бол хоёр нь нууцын зэрэглэлтэй байна. Хяналт шалгалтын түр хороог байгуулбал энэ асуудал илүү тодорхой болно” гэлээ.

Мөн Засгийн газраас Цахим хөгжил, харилцаа холбооны, Эдийн засгийн хөгжлийн сайдыг нэн даруй томилж, ажлыг нь жигдрүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Одоогоор Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар дээрх хоёр салбарын сайдын үүргийг давхар гүйцэтгэж буй юм.