Хэнтий аймгийн төгсөх ангийн сурагчид  УИХ-ын гишүүдтэй уулзлаа
2022.04.12

Хэнтий аймгийн төгсөх ангийн сурагчид УИХ-ын гишүүдтэй уулзлаа

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Лаборатори Нэгдүгээр сургуулийн 12-р ангийн 4 бүлгийн 83 сурагч, хариуцан зохион байгуулж буй 7 багшийн хамт Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын албаны бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, дурсгалын зураг татууллаа.

Тус сургуулиас “Миний мэргэжил – Миний ирээдүй” ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт дадлагыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Тус сургалт дадлагын аялал 4 дүгээр сарын 11-13 өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд төгсөх ангийн сурагчид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Монголын Үндэсний Их сургууль, Глобал удирдагч их сургууль гэх мэт 7 их дээд сургуультай танилцаж, тэдний үйл ажиллагаатай танилцаж, оюутны тэтгэлэг, ажлын байр, сургуулийн орчин нөхцлийг нь судалж, ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход чухал үүрэгтэй сургалт болж буйг Лаборатори Нэгдүгээр сургуулийн захирал Х.Алтанцэцэг онцоллоо.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга тойргоос сонгогдсон гишүүдийн үйл ажиллагаа, Боловсролын шинэчлэл, “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүүхэд хөтөлбөрийн талаар танилцуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, сурагчдад ирээдүйд эзэмших мэргэжлийн онцлог, үр дүнтэй суралцах арга барилын талаар мэдээлэл хүргэж, багш сурагчдад амжилт хүслээ.