Нийслэлийн прокурорын газар Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавьж байна
Хөгжлийн банкны ерөнхий хяналтын сонсголын үеэр иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй зарим асуудлаар тус банкны удирдлагууд, АТГ, прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэд хэдэн асуулт асуусан. Түүний асуултын хариуг Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр ирүүлжээ.
Хөгжлийн банкны зээл олгох үйл явцад Нийслэлийн прокурорын газраас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан хэрэг бүртгэлтийн 27 хэрэг, мөрдөн байцаалтын 5 хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
Мөн Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны барилгуудыг зээлдэгчид нь иргэдэд хувь лизингээр зарсан тухай асуудал одоо ямар шатанд байгаа тухай хариу өгчээ. Зээлийн хугацаа хэтрээд 3-аас дээш жил болж байгаа, зориулалт нь нотлогдоогүй гэдэг ангилалд байгаа Бэрэн групп Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа шинэ Хангай хотхоныхоо бараг 100 орчим айлд байрыг зараад мөнгийг нь авчихсан тухайд тавьсан асуулгын хариуд одоогийн байдлаар “Бэрэн групп” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээгүй, харин шилжилт хөдөлгөөнийг хаасан. Хэргийг мөрдөж эхэлснээс хойш бусдад худалдаж, борлуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэнэ.
Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтнуудын зээлийг төлүүлээд зогсохгүй хэрэв зээл авахдаа эрх мэдлээ ашигласан, гэмт хэргийн шинжтэй байх юм бол гэм буруугийн асуудал шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн зарчмын байр суурийн үүднээс Хөгжлийн банкны талаарх Хянан шалгах түр хороонд ажиллах болно.