2022.04.19

Т.Энхтүвшин: Улаан буудай, хүнсний ногоог дотооддоо 100% үйлдвэрлэхийг зорьж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Газар тариалангийн үйлдвэр эрхлэгч нарт 100 тэрбум төгрөг, хүнсний ногоо жимс, жимсгэнэд 50 тэрбум төгрөг, гурил тэжээл ургамалд 40 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаанд 3 хувийн хүүтэй зээл олгож байна гэж тайланд тусгагджээ. Хэрэгжилт нь ямар байна вэ?

Бельги Улсын Засгийн газраас 6 сая еврогийн зээлийн хөрөнгөөр 245 трактор, 200 чиргүүл, дүүжин машин худалдаж авахаар гэрээ байгуулсан юм байна. Энэ нь хил дээр ирсэн үү? Гэрээ ямар шатанд явж байгаа вэ?

ОХУ-ын ЗГ-ын 10 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр үр тарианы комбайн, трактор зэргийг авахаар хамтарч байгаа юм байна. Энэ ямар шатанд яваа вэ? Хэзээ орж ирэх вэ?

Улаан буудай, хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь үйлдвэрлэхийг зорьж байна. Холбогдох яамны зүгээс ч арга хэмжээ авч байгаа. Хаврын тариалалтын явц, аж ахуй нэгжүүдийн шатахуун, үр тарианы хангалт ямар түвшинд байна вэ?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Тэрээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмж тодрууллаа.