“Найзууд” видео контент нээлтээ хийлээ
Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын санаачилгаар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбар хийж гүйцэтгэсэн “Найзууд” видео контентийг 2022 оны 04 дүгээр сард олон нийтэд танилцуулж нээлтээ хийлээ.
"Найзууд” видео контентоор дамжуулж хүрэхүйн тухай ойлголт, хувийн хил хязгаар, өөрийн үнэт зүйлс, үл хайхрах хүчирхийлэл гэж юу болох тухай зөв ойлголт мэдээллийг сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд хүргэнэ. Мөн эцэг эх, асран хамгаалагчдаас судалгаа авч, мэдээллийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн үр дүнг ажиглах, тооцоолох зорилготой юм.
Тус нээлтэд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Э.Амарбат, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтангэрэл, МЭХ-ны Сүхбаатар дүүрэг дэх салбарын тэргүүн М.Орхонбаяр, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Б.Адъяасүрэн болон дүүргийн төрийн өмчийн 36 цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.
Нийгмийн олон шалтгаануудаас үүддэг эрсдлүүдийн нэг нь бэлгийн хүчирхийлэл. Өдрөөс өдөрт далд, улам нууцлагдмал болж буй энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охид, эмэгтэйчүүд, хөвгүүд насан туршийн хохирогч болж үлддэг. Холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаа ирээдүй хойчоо хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэхийг насанд хүрэгчдэд бидэнд сануулсаар байна.
МЭХ-ны Сүхбаатар дүүрэг дэх салбар нь дүүргийн алслагдсан хороодын, эрсдэлтэй нөхцөл дэх хүүхэд залуус, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг дэмжих, бүлгийн болон хөгжлийн үйлчилгээг мэргэжлийн арга зүй, тусгай хөтөлбөрийн дагуу үзүүлэх шаардлагад үндэслэн үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn