ТӨРИЙН АЛБА ЧАДВАРЛАГ БАЙХЫН ТУЛД ИННОВАЦ ХЭРЭГТЭЙ
Б.Энхболд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Дарга
2024.06.14

ТӨРИЙН АЛБА ЧАДВАРЛАГ БАЙХЫН ТУЛД ИННОВАЦ ХЭРЭГТЭЙ

Аливаа улсын хөгжил төрийн албаны чадварлаг байдлаас ихээхэн хамаардаг. Үүнд хүн ам нь төдий л их биш (5.6 сая), хүн амын нягтаршлаараа дэлхийд хоёрт, нэг хүнд оногдох ҮНБ-ээр нь тооцвол дэлхийд зургаад орох баян, эдийн засгийн хөгжлийн "Азийн" загварыг харуулан манлайлж буй Сингапурыг жишээлж болох юм.

Тэд хөгжлийнхөө нууцыг чадварлаг төрийн албатайгаа холбож,MPH, HAIR гэсэн товчлолуудаар тодорхойлох нь их.  Задалбал, MPH гэдгийн M буюу Meritocracy нь төрдөө чадвартайг нь сонгон ажиллуулаад цалингаас гадна эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан дунджаас арай өндөр хангамж өгөөд, байж болох бүх аргаар хянаж, итгэл алдвал “хаана очихыг” нь тун сайн ойлгуулна. Мөн тодорхой хугацааны дараа сэлгэн ажиллуулдаг. Тэгвэл P буюу Pragmatism нь эдийн засгийн ийм, тийм онол зөв, буруу гэж эцэс төгсгөлгүй маргахаасаа илүү энэ бодлого шийдвэр бидэнд хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэрэгжүүлье гэх санаа.

H буюу Honesty бол хууль дээдлэх, авлигаас ангид байхыг сануулдаг. Мөн төрийн шийдвэр гаргах албан тушаалтнуудаас HAIR зарчмыг шаарддаг. Утга нь, Helicopter View буюу тулгарсан асуудлыг нисдэг тэрэгнээс харж буй мэт томоор зураглах чадвар. Харин A буюу Analyse нь том зургаар нь харсан бол задлан, дүгнэж эрсдэл, нөөц боломжоо тооцох. Удаах I буюу Imagination бол асуудлын шийдлийг өөр өнцгөөс, шинэ хандлагаар харж чаддаг байх. Хэвд баригдахгүй гэсэн үг. Эцэст нь R буюу Reality нь гаргасан шийдвэр нь амьдралтай, уянгын халилгүй байж бодит үр дүнд хүрэх. 

Мөн Мерит зарчмаа хадгалахын тулд Career based буюу албан тушаал шатлан дэвшүүлэх эсвэл ур чадварыг нь харгалзах Position based системийн зөв харьцаа, үнэлгээ, аргачлал зайлшгүй хэрэгтэй байна. Бидний жишээ болгон ярьдаг хөгжиж чадсан орнуудын гол давуу тал бол хүний нөөцийнхөө энэхүү авьяас чадвар хийгээд хичээл зүтгэлийг нь зөв үнэлдэг явдал. Ингэснээр тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Манайд үүнийг засах оролдлого үе, үе хийдэг боловч улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтийн схемээсээ болж хийж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Хэдий 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын 3.1.3 дугаарт чадахуйн зарчим (мерит)-ыг шийдвэрлэхдээ “Хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан боловч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө шатлан дэвшүүлэх болон ур чадвар хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны сонгон шалгаруулалтыг “хаалттай” болгосноор мэргэшсэн, авьяас чадвар бүхий мэргэжилтэн нь төсөл хөтөлбөрийг удирдах боломжгүй болдог. Харин энэ зарчмыг хувийн хэвшлийнхэн чадамгай хэрэгжүүлснээр амжилттай ажилладаг.

Ажлын гүйцэтгэлээр нь урамшуулдаг системийг ч энд дурдах хэрэгтэй. Түүний сацуу сонгон шалгаруулалт, улс төрийн хүчнээс хамаарсан халаа сэлгээг ойлгуулж, хуульд нарийвчлан тусгах нь оновчтой шийдэл болно. Сингапур улсын хувьд “21-р зууны төрийн алба” (PS 21) гэх төрийн албаны инновацийг нэвтрүүлж, "Scenario planning" аргачлалаар стратеги боловсруулж, "CEP" үнэлгээний системээр МЭРГЭШСЭН КАДР-уудаа гаргаж ирж байна.

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч төрийн албад чадварлаг цөөнхдөө хамаг ачааг үүрүүлж, харин үүрэг багатай олонхоо цөөлөх, сэлгэх систем нь ажилладаггүй хэвээр. Төрийн албыг чадварлаг, цомхон байлгахын тулд Төрийн албаны инноваци зайлшгүй шаардлагатай.