Хууль сахиулах байгууллага, алба хаагчдын зүгээс албадлагын арга хэрэгслийг илүү ашигласан зөрчил түгээмэл гарчээ
2022.05.13

Хууль сахиулах байгууллага, алба хаагчдын зүгээс албадлагын арга хэрэгслийг илүү ашигласан зөрчил түгээмэл гарчээ

Өнөөдөр /2022.05.13/ Монголын Эмнести Интернэшнл олон улсын байгууллагаас “Ковид-19 цар тахал ба хууль сахиулах ажиллагаа: Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйлдсэн хүний эрхийн зөрчил, тохиолдол” мониторинг судалгааны тайланг танилцууллаа.

Тус тайлангаас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллага, алба хаагчдын хууль сахиулах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой.

Монголын Эмнести Интернэшнлээс Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгээр энэхүү судалгааг хийсэн байна. Ингэхдээ 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааг хамруулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мониторинг хийх, бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүнтэй уулзах зэргээр мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн болно. Хууль сахиулах байгууллага, алба хаагчдын зүгээс албадлагын арга хэрэгслийг ашиглахыг илүүд үздэг зөрчил их гарсан байна.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, нийгэм, эдийн засгийн харилцааны бараг бүх түвшинд шийдвэрлэвэл зохих олон төрлийн сорилт, тулгамдсан асуудлыг бий болгосон. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор улс орнууд иргэдийн зорчих хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өдөр тутмын нийтлэг үйлчилгээ, уулзалт цуглаан, шашны зан үйл зэрэг хүний амьдралын олон салбарт хязгаарлалт тогтоосон.

Мониторингийн хүрээнд олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчсөн хууль, бодлого хэрэгжиж байгааг, мөн цагдаагийн байгууллага, алба хаагчдын зүгээс иргэдийн тайван жагсаал цуглааныг хууль бусаар албадан тараасан, зохион байгуулагчид болон оролцогчдыг үндэслэлгүйгээр баривчилж, цагдан хорьсон, хүч хэтрүүлэн хэрэглэсэн, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг олон нийтийн хэрэгслээр дэлгэж, ялгаварлан гадуурхагдах нөхцлийг бүрдүүлсэн зэрэг зөрчлийг баримтжуулжээ.

Энэхүү тайлангийн талаар Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хэлэхдээ “Цар тахлын хямрал нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээгээр зохицуулагдах онцгой нөхцөл байдал. Цар тахлын эсрэг тэмцэлд зарим улс олон нийтийн идэвх оролцоог дэмжихэд анхаарч, итгэлцэл, эв нэгдлийг бий болгоход чиглэсэн бодлого, зохицуулалтыг баримталсан бол нөгөө хэсэг нь цар тахалтай тэмцэх нэрийдлээр хүний эрхэд үндэслэлгүй бөгөөд хэт хязгаарлалт тогтоож, нийгмийн шүүмжлэлт дуу хоолойг нухчин дарлаа.

Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан нь хууль сахиулагчдыг эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хамгаалах, ашиг сонирхлын тэнцвэрт байдлаа хадгалах үүргээс нь чөлөөлөхгүй.” хэмээн тайланг эмхтгэн гаргасан" хэмээв.

Мониторингийн дүгнэлтэд үндэслэн Монголын Эмнести Интернэшнлээс хууль тогтоогчид, засгийн газарт хандан хэд хэдэн зөвлөмжийг гаргасан байна. Үүнд:

  • Хууль сахиулах байгууллага, алба хаагчдын гамшгийн үед ажиллах чиг үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулсан хууль, журмыг олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээ, НҮБ болон бусад хүний эрхийн байгууллагаас өгч буй зөвлөмжид нийцүүлэн батлах; Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах; Хууль сахиулах байгууллагын албан тушаалтан, алба хаагчдад аливаа үйл ажиллагаандаа хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, зарчмыг баримтлан ажиллах талаар шинэчилсэн сургалтыг тогтмол явуулах; Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах онцгой нөхцөл байдлыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг Үндсэн хууль болон олон улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчих, хязгаарлах арга хэрэгсэл болгон ашиглахгүй байхыг баталгаажуулахыг шаардлаа.
  • Нийгмийн эрүүл мэндийн хямралыг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зөрчиж, ашиг сонирхолд нь хууль бусаар халдсан бол нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон холбогдох албан тушаалтнуудад зохих хууль ёсны хариуцлагыг зайлшгүй хүлээлгэдэг байхыг Монголын Эмнести Интернэшнлээс мөн зөвлөмжиллөө.
  • Судалгааны хүрээнд бид олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээг зөрчсөн хууль, бодлого хэрэгжиж байгааг, мөн цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйлдсэн хүний эрхийн тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн болно. Үүнд иргэдийн тайван журмаар зохион байгуулсан жагсаал цуглааныг хууль бусаар албадан тараасан, зохион байгуулагч оролцогчдыг үндэслэлгүйгээр баривчилж, цагдан хорьсон, хүч хэтрүүлэн хэрэглэсэн, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан, цахим орчинд цагдан хянасан, хувь хүний хуулиар хамгаалагдсан мэдээллийг олон нийтийн хэрэгслээр дэлгэсэн, ялгаварлан гадуурхагдах нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг зөрчлийг баримтжууллаа.

Хэвлэлийн хурлын үеэр Судалгааны багийн ахлагч, Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дэд дарга Р.Очирбал ирсэн зочид, сэтгүүлчдэд тухайн судалгааны үзэл баримтлал, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хүргэв. Тэрээр "Хууль сахиулах байгууллага, алба хаагчдын зүгээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалахдаа хүний эрхийг харьцангуй бага хэмжээгээр хязгаарлах бусад арга хэрэгслийг ашиглахын оронд албадлагын арга хэрэгслийг нэн тэргүүнд ашиглахыг илүүд үзэж, практикт хэрэгжүүлж байгаад Монголын Эмнести Интернэшнл сэтгэл зовниж байна. Цагдаагийн байгууллагаас Ковид-19 цар тахлаар шалтаглан иргэдийг үндэслэлгүйгээр баривчлах, цагдан хорихоос авахуулаад хуулиас гадуур хүч албадлага хэрэглэх зэргээр хүний эрхийг зөрчсөн үйлдэл цөөнгүй гаргалаа. Нэн ялангуяа тайван жагсаал, цуглааныг тараахдаа зохион байгуулагч болон оролцогч иргэдтэй хүнлэг бус, зүй бусаар харьсан байв" гэлээ.

Тус тайлантай танилцахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрнэ үү?

https://www.amnesty.mn/media/attachments/2022/05/09/mongold-covid-9.pdf?fbclid=IwAR1_rvqIe9L4E-cd6uEdPwsNchzCCuMTWQwBr1Qi-eCmB78l6fHS9aKXd-I

Энэ үеэр зочид асуулт асууж, санал хэлж байв. Тухайлбал, судалгааны арга зүй, ёс зүй, анхдагч эх сурвалжийн мэдээлэл зэргийг тодруулсан бөгөөд Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, судалгааны багийн ахлагч Р.Очирбал нар хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn