Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ – 2022” эдгээр өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний парк дээр зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ.
Л.Энх-Амгалан:
-Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй. Төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг хийсэн. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ, Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, орон нутагт буй газруудад бүтцийн шинэчлэл хийж, боловсрол, шинжлэх ухааны газар болгон зохион байгуулсан. Харин одоо энэхүү шинэчлэлээ улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит давуу тал болгон ашиглах цаг үе ирсэн байна гэв.
Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажээ.
Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлох аж.