"Төсвийн шинэчлэл 2022" уулзалт Өмнөговь аймагт үргэлжилж байна
2022.05.17

"Төсвийн шинэчлэл 2022" уулзалт Өмнөговь аймагт үргэлжилж байна

Боловсролын салбарын төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд анхан шатны нэгж дээр төсвийг хамт олны оролцоотой төлөвлөх, хуваарилах, зарцуулах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөх уулзалтыг орон даяар танхим болон цахим хэлбэрээр эхлүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан яг одоо Өмнөговь аймагт ажиллаж, хувьсах зардлын аргачлал, үр дүн гүйцэтгэлд суурилсан үнэлгээ гэж юуг ойлгох тухай багш нартай уулзаж мэдээлэл өгч байна.

Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөс боловсролын салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийсэн, үндэсний хэмжээнд жишиг болгох олон онцлог ажлууд байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.

Тухайлбал: Ерөнхий боловсролын сургуулийн 6 болон 12 дугаар ангийн 2000 гаруй хүүхдэд орон нутгийн төсвөөр 600 гаруй сая төгрөгөөр Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

ELAB нэмэлт хөтөлбөрийн тусламжтай ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад зориулсан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтыг зохин байгуулж байна. Үүнд нийт 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Ариун цэврийн байгууламжийг 100 хувь орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлсэн анхны аймаг болсон. Мөн бүх сургуульдаа цэвэр ус уух боломжийг нэвтрүүлжээ.

Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутныг хамруулсан. Төмөр замын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгийн залуусаас 120 хүнийг хамруулж хүн тус бүрд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Аюулгүй сургууль хөтөлбөрийг улсын хэмжээнд загвар болгон нэвтрүүлж байна.

НҮБ-ын Хүн амын сан, Говийн Оюу сангаас 5 жилийн хугацаатай өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дэмжлэг авсан.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан нэг бүр төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтаа хянадаг болж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn