2022.06.07

Б.Баярсайхан: Хорт хавдрын шалтгааныг оношлох , зөв хооллох эрүүл аж төрөхийг сурталчлах талаар ЭМЯ ямар бодлого барьж байгаа вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022, 06, 07/хуралдаанаар  "Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Манай улс элэгний хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. 2021 он гэхэд нэг жилийн хугацаанд 0-19 насны 115 хүүхэд хавдраар өвчилж, 55 хүүхэд эндсэн. Энэ бол эрүүл мэндийн салбарын бодлого цаашаа явахгүйг харуулж байна. Хорт хавдрын шалтгааныг оношлон тогтоогоод, урьдчилан сэргийлэх ажил руу илүү анхаарах ёстой юм биш үү. Өөрөөр хэлбэл стратеги, бодлогоо өөрчлөх шаардлагатай.

Хавдар үүсэх гурван хүчин зүйл нь халдварын гаралтай, халдварын бус гаралтай, хүрээлэн буй орчны гаралтай гэсэн байна. Халдварын бус гаралтай буюу монголчуудын хамгийн гол алдаж байгаа зүйл нь эрүүл аж төрөх, эрүүл хүнс идэх, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, цусан дахь холестрины хэмжээ ихсэх, илүүдэл жингээс болж хавдар үүсэх нөхцөл болоод байгаа гэдгийг мэдэж байгаа. Өвөг дээдсийн хооллох арга ухааныг буцаан сэргээж, зөв хооллож, хөдөлгөөнөөр эрүүл байх зүйл рүү Эрүүл мэндийн салбар яагаад анхаардаггүй юм бэ?

Завхан аймгийн бүх төрийн албан хаагч нар илүүдэл жингээсээ салъя, зөв зохистой хооллох аяныг наадам хүртэл 3 сарын хугацаанд шим тэжээл судлаач, хоол зүйчдийг уриад 70 гаруй сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлье, хэрэгжүүлээд өгөөч, яаж эрүүлждэгийг ард иргэддээ харуулаад үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр зарцуулж байгаа нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд хэдэн төгрөг зарцуулахаас илүү үр дүнтэй ажил байхад хэдэн тэрбумаар нь хавдарт зориулсан мөнгөнөөсөө 70-80 сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй байна. Өвчилсөн хүмүүсээ эмчлэх гэж мөнгө зараад байвал бидэнд боломж байхгүй болчихлоо гэдгийг нас баралт, хавдрын өвчлөлийн тоо харуулаад байна шүү дээ. Үүн дээр та ямар бодлого барьж байгаа юм бэ. Нийтийн эрүүл мэндийг сайжруулах, зөв зохистой хооллох, хавдраар өвчлөхгүй байх, таргалалтаас сэргийлэх, хөдөлгөөн хоолоо зөв зохицуулбал эрүүл байдаг тал руу яагаад анхаарахгүй байгаа юм бэ?

Хоёрдугаарт, өчигдөр Эрүүл мэндийн яамны гадаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ тэвэрсэн ээжүүд аргаа бараад сууж байна. Хүүхдүүдийн эм тарианы асуудлаар удаа дараа танаас асуусан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг яах вэ? Ямар бодлого барьж эдгээр асуудлыг шийдэх юм бэ?

Түүний асуултад ЭМЯ-ны сайд С.Энхболд хариуллаа.