Чежү муж улирлын чанартай ажилд ажиллах хүч авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
2022.08.16

Чежү муж улирлын чанартай ажилд ажиллах хүч авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

БНСУ-ын аялал жуулчлалын гол бүс нутаг Чежү арлын Иргэдийн хурал, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Түүх, соёлыг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид манай улсад айлчилж буй юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Чежү мужийн Өөрийгөө удирдах тусгай зөвлөлийн гишүүн, Чежүгийн хөдөө аж ахуйн олон улсын солилцоо, хөгжлийн форумын дарга Кан Сонг-Кюн тэргүүтэй төлөөлөгчдийнн багийн гишүүдийг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Тус улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшгийн нэгт шалгарсан гэдгээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Мөн түүх, соёл уламжлалын арван баялаг өвийг хадгалж, хөдөө аж ахуйн чиглэлээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн олонтой нутаг. Тэр ч утгаараа тус бүс нутагт ажиллах хүчний шаардлага байнга гарч байдаг бөгөөд ялангуяа улирлын чанартай ажиллах хүч авах сонирхол их байдгийг төлөөлөгчдийн зүгээс хэлсэн байна. 

Чежү мужийн иргэдийн хурал нь шийдвэр гаргах түвшний байгууллагуудтайгаа нягт хамтран бизнесийн салбарын үйл ажиллагааг дэмжих бодлогыг дэвшүүлж ажилладаг.

Тус муж Өвөрхангай аймагтай бүхий л салбарт нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд хамтын ажиллагааны эхний алхмуудыг хийж буйд баяртай байгаагаа онцлов. Нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт улирлын чанартай ажиллах хүчийг Өвөрхангай аймгаас авах чиглэлд хамтрах хүсэлтэй байгаагаа хэллээ.