Хууль боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой
2022.09.09

Хууль боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон хуульч, судлаачид оролцлоо.

Төр болон нийтийн өмчийн талаарх ойлголт, түүний эзэмшил, өмчлөлийг тодорхой болгох олон нийтэд нээлттэй, хяналттай зөв, ашигтай ажиллуулах, үр өгөөжийг нийгэмд тэгш хүртээх хэрэгцээ шаардлагын үүднээс дээрх төслүүдийг боловсруулжээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх, эзэмших ашиглах, захиран зарцуулах хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгажээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд төр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанитай байх тухай зааснаас гадна ямар салбарт төр компани байгуулахыг тусгайлан заахаар оруулжээ.

Тухайлбал, төр стратегийн ач холбогдолтой болон нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын гэрээгээр зохицуулагдах, хуульд тусгайлан заасан салбаруудад компани байгуулах боломжтойгоор тусгажээ. Түүнчлэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон хараат, хараат бус гишүүдийн харьцаа, гүйцэтгэх удирдлагыг хянах тогтолцоо, үйл ажиллагааны үнэлгээ олон нийтэд нээлттэй байх зохицуулалтыг мөн хуулийн төсөлд оруулжээ.   

Эдгээр хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдад хаалт тавих зохицуулалт болох ёсгүй, төрийн хэт оролцоог нийгмийн салбаруудад үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй зэрэг саналыг хуульч, судлаачид хэлж байлаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой.  Эдгээр төслүүдэд дэвшилттэй зүйлүүд байгаа ч анхаарах зүйлс байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг ажиллах таатай нөхцөлөөр хангасан байх ёстой. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэл өгч, төсвийн бодлогод тусгаж эхэлсэн. Цаашид төр аливаа төрлийн бизнес эрхлэхээс татгалзана. Энэ бодлоготой хуулийн төслүүд уялдах ёстой. Монголын төр бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортой, ойлгомжтой ажиллаж, иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой“ гэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn