"Буянт-Ухаа - Инновацийн төв"-ийг байгуулна
2022.09.12

"Буянт-Ухаа - Инновацийн төв"-ийг байгуулна

"Буянт-Ухаа" бол агаарын хөлгийн болоод навигацийн алтан гарт инженерүүдийн сүүн замналтай, техникийн соёлын түүчээ болсон буянтай газар.

УИХ-ын гишүүн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Буянт-Ухаа ОУНБ-ыг түшиглэн Ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх, нисэхийн сургалтын төв байгуулах замаар Буянт-Ухаа нисэх буудлыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачлагыг гаргаж, улмаар ЗГ-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тогтоолоор "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг салбарын мэргэжилтнүүд боловсруулан батлуулсан билээ.

Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсон өдрөөс эхлэн "Буянт-Ухаа" ОУНБ болон нисэх буудлын хамгаалагдсан бүсэд Ерөнхий зориулалтын нислэг, нисэхийн сургалтын байгууллага, онцгой, тусгай үүрэг, агаарын ачаа шуудан тээврийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууллага үргэлжлүүлэн ажиллах Төрийн бодлого хэрэгжиж, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх, нисэхийн салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих бодит шийдэл болжээ.

"Авиаци-Инноваци" хоёр салшгүй холбоотой. Дэлхий дахинд агаарын тээвэр, сансар судлалын салбарт цаг тутамд инноваци нэвтэрдэг гэхэд маргах хүн үгүй биз ээ. "Буянт-Ухаа" ОУНБ-ын одоогийн нөөц, хүчин чадлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран Ерөнхий нисэх, нисэхийн сургалтын бааз, олон улсын нөөц нисэх буудал, агаарын ачаа тээврийн төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтойгоос гадна "Буянт-Ухаа - Инновацийн төв"-ийг байгуулж, цахим шилжилт, техник, технологийн "hub" болгох бүрэн боломж байгаагаас гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор гарааны компаниудаа төрийн бодлогоор дэмжих, оюун санааны Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давалгааг эхлүүлэхэд "Цахим хөгжил, харилцаа холбооны яам" манлайлан ажиллахдаа бэлэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn