"Унадаг дугуйг эрхэмлэж, нийтийн тээврээ шүтвэл зорчигч зонхилсон хоттой болж чадна”
2022.10.19

"Унадаг дугуйг эрхэмлэж, нийтийн тээврээ шүтвэл зорчигч зонхилсон хоттой болж чадна”

-Түгжрэлийг бууруулах асуудлаар хэн, юу хэлэв?-

"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" сэдэвт хэлэлцүүлэг болж, холбогдох албан тушаалтнууд нэг дор чуулав. Энэ үеэр түгжрэлийг бууруулах чиглэлд ямар ажил төлөвлөж, хэр ахицтай байгаа талаар тодрууллаа. Хэлэлцүүлгийннээлтийн үеэр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Автозамын нэгдүгээр эгнээг бүтэн чөлөөлж, хяналтдаа авч коридор үүсгэх шаардлага бий. Гэхдээ үүнийг камер тавьж, торгууль ногдуулснаар шийдэхгүй. Бид бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байна” хэмээсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Миний хувьд амжилт гаргахаас өөр аргагүй ажил хийж байгаа. Түгжрэлээс гадна нэг ч хүн амьдрахгүй. Түгжрүүлэгч хүчин зүйл урт удаан хугацаанд олон асуудлаас болж бүтсэн ч гэсэн бидэнд энэ асуудлуудыг шийдэх гарц, боломж бий. Түгжрэлийг шийдсэнээр Монгол Улсын төр бэхжиж, чадалтай болно.

Түгжрэл нь ойрын арван жилд манай улсын шийдэх ёстой гол сорилтын нэг юм. Зөвхөн замын түгжрэл биш. Бидний сэтгэлгээний, дүрэм журам, ажлын арга барилын түгжээсийг тайлах тухай сорилт байна.


Түгжрэлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулах ёстой. Улаанбаатар хотын түгжрэл хэн нэгэн дарга, хэдхэн хүнд хамааралтай асуудал биш. Агаарын бохирдол, түгжрэлийн улмаас нийслэлд оршин сууж буй 1.6 сая хүн адилхан зовж байна. Нийгэм, эдийн засгийн алдагдал, сэтгэлзүй талаасаа ч зовж байна. Улаанбаатар жолооч зонхилсон хот болчихсон. Жолоочоос зорчигч зонхилсон хот болох ёстой. Явган зорчигчоо дээдэлж, унадаг дугуйгаа эрхэмлэдэг, нийтийн тээврийн үйлчилгээг шүтдэг байвал бид зорчигч зонхилсон хоттой болж чадна. Бид олон зүйлийг зэрэг хийж байгаа.

Түгжрэл гэдэг хүний амьдралын олон талт асуудлыг хөнддөг. Зарим хүн томоохон худалдааны төвийг нүүлгэчихвэл асуудал шийдэгдэнэ гэж боддог. Гэтэл тэр худалдааны төвд ажилладаг 5-10 мянган худалдаачныг нүүлгэвэл ажлын байрыг нь хөндөнө. Түрээслэгчийн цаана байгаа гэр бүл, хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг гэх мэт олон асуудал бий. Хүчээр хотын зах руу нүүлгээд асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр захиргаадаж, албадсан арга хэмжээ авч болохгүй.

Гаднын улс орнуудын адилаар эдийн засгийн зүй зохистой механизмыг бий болгоод тэр хүрээнд нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд засгийн газрын хуралдаанаар том бодлогын шийдвэрүүдийг гаргасан. Замын хөдөлгөөний ухаалаг системийн ажлыг эрчимжүүлж, энэ жилийн сүүлээр, ирэх оны эхээр энэ ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Сүүлийн үед осол, замын хөдөлгөөний танхайрал, соёлгүй байдал их гарч байна. Хууль дүрмийг биелүүлэхгүй байдлаас зохиомол түгжрэл үүсэж байна.

Хоёр машин мөргөлдөхөд автозамын хөдөлгөөнийг бүтэн 1 цаг түгждэг. Өдөрт 200 гаруй осол гарч байна. Даатгалын байгууллага, жолооч хоёр шийдчих асуудалд заавал цагдаа дууддаг.

ХОТЫН АМЬДРАЛЫН 60 ХУВЬ ГАЗАР ДООР БАЙГАА


-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Түгжрэлийг бууруулахаар төсөвт суулгасан 420 тэрбум төгрөг, валютын ханштай холбоотойгоор 120 сая ам.доллар болно. Бүтээн байгуулалтын түвшинд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Бид Улаанбаатар хотод тулгамдаж буй дэд бүтэц, инженерийн байгууламжуудын талаар судалгаа гаргасан. Хэдэн хувь нь хуучирч муудсан нь нүдэнд харагдахгүй. Яг тоог нь гаргаж ирвэл хүн аймар зүйлс байна. Хотын амьдралын 60 хувь газар доор байгаа. Энэ болгоныг бид орчин үеийн шийдэлтэй хот болгоно гэж зорьж байгаа бол бид 420 сая төгрөг хангалтгүй. Энэ бол автобусны парк шинэчлэлт хийх мөнгө.

ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ САНХҮҮЖИЛТ ОЛОХ ОЛОН БОЛОМЖ БИЙ


-Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс:

-Түгжрэлийг шийдэх санхүүжилт олох олон боломж бий. Тухайлбал, АНУ-ын хувьд хоёр төрлийн санхүүжилтийн боломж байдаг. DFC буюу хөгжлийн зориулалтаар бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог байгууллага бий. Манай байгууллага уг зээлийг авахад зуучилж, хамтран ажиллаж болно.

Арваннэгдүгээр сарын 11-нд DFC байгууллагын төлөөллүүд ирж, тодорхой байгууллагуудын төслийг сонсоно.

Түүнчлэн EXIM банкны санхүүжилт бий. Өөрөөр хэлбэл, АНУ-ын технологийг нэвтрүүлж буй нөхцөлд импорт, экспортын зээл олгож байгаа. Энэ талаар бид нийслэлтэй хамтран ажиллах боломжтой.

МОНГОЛД ОСЛЫГ ЗААВАЛ ЦАГДААГААР ШАЛГУУЛЖ, ЦАГДАА ТОРГОЖ ШИЙТГЭН ЖОЛООЧИЙН ОНООГ ХАССАНЫ ДАРАА ДААТГАЛЫГ ОЛГОДОГ ТОГТОЛЦОО БИЙ

-Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт, хяналт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Замын хөдөлгөөний дүрэм, зөрчилтэй холбоотой асуудал, жолооч нарын хариуцлага түгжрэлд нөлөөлдөг. Зам тээврийн осол түгжрэлд нөлөөлдөг үндсэн шалтгааны нэг. Үүнд даатгалын байгууллагын оролцоо дутмаг байна. Бид холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, даатгалын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх санаачилгуудыг гаргаж байгаа. Гаднын орнуудын жишээг харвал, даатгалтай автомашин замын хөдөлгөөнийг түгжиж зогсдог тохиолдол байхгүй. Хоёр жолооч хоорондоо зургаа үйлдээд, даатгалын байгууллагад осол болсон нотолгоогоо хүргүүлж асуудлаа шийддэг. Харин Монголд ослыг заавал цагдаагаар шалгуулж, цагдаа торгож шийтгэн жолоочийн оноог хассаны дараа даатгалыг олгодог тогтолцоо бий. Энэ тогтолцоог өөрчлөхийг даатгалын байгууллагуудад санал тавьж байна.

Зөрчлийг замын цагдаагийн алба хаагч нар илрүүлдэг хэдий ч энэ нь нөлөөллийн арга хэмжээ болж чадахгүй байна. Жолооч нар оногдуулж буй торгуулийн 25 орчим хувийг л төлж байна. Торгуулиа төлж байгаа жолооч нар дараагийн удаа зөрчил гаргахгүй байх сэтгэхүйтэй хөдөлгөөнд оролцдог. Харин торгуулиа төлдөггүй жолооч нар ингээд яваад байж болдог гэх байдлаар хандаж байна. Олон зөрчил гаргахгүй байх зорилгоор оноо хасдаг системийг шинэчлэх шаардлагатай байна.

-Торгууль төлүүлэх албадлагын механизм байхгүй учраас маш олон жолооч нар хариуцлагагүй үйлдэл гаргасаар байна.

-Торгууль төлөх бэлэн бусын системд 2013 оноос шилжсэн. Жолооч нарт оногдуулсан торгуулиа төлөх 14 хоногийн хугацаа өгдөг. Энэ хугацаанд сайн дураараа торгуулиа төлөхийг анхааруулдаг. Харин торгуулиа төлөөгүй бол яах вэ гэх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд шийдээгүй. Иймээс өнөөдөр байдал ийм байна.

Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар төрийн албан хаагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, зайлсхийсэн тохиолдолд арга хэмжээ тооцдог байсан. Зөрчлийн тухай хуульд энэ системийг оруулж өгөөгүй.

Гаднын орнуудад хүү, торгуулийг нэмж боддог систем байдаг ч Монголд үүнийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдээгүй байна.


-Өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн торгуулийг энэ жил ногдуулаад байна вэ?

-Энэ жилийн эхний найман сарын байдлаар 30 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Үүнээс 6-7 тэрбум төгрөгийг л төлсөн. 1-10 хүртэл хэмжээний торгууль оногдуулсан жолооч 500 орчим мянга байдаг. Бид торгуулийг нь төлүүлэх арга хэмжээг аль болох авахыг чухалчилдаг. Төрийн бүх л үйлчилгээнд торгууль төлүүлэх алхмыг хавсаргавал иргэд илүү хариуцлагатай болох болов уу.

-Арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн торгуулиа төлөөгүй автомашиныг хот руу нэвтрүүлэхгүй хэмээсэн. Энэ ажлын бэлтгэл хэр байна вэ?

-Товчоодыг цахимжуулах үйл ажиллагааны хүрээнд, цахим хяналтын системийг нэвтрүүлж буй. Үүнд торгууль, шийтгэл, оношилгооны мэдээлэл иргэнд өөрт нь хүрдэг байхаар ажиллаж байна. Оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой.

**"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" сэдэвт хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн Худалдааны танхим Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын авто дистрибьютерийн ассоциац хамтран зохион байгуулсан юм.