Тайван замаар жагсах эрхийг баталгаажуулахыг Монгол Улсаас шаардаж байна!
2022.12.14

Тайван замаар жагсах эрхийг баталгаажуулахыг Монгол Улсаас шаардаж байна!

Монгол Улсад шударга ёсыг шаардсан иргэд 2022 оны 12 дугаар сарын 4-нөөс эхлэн Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаж эхлээд 10 дах өдрөө үргэлжилж байна.

Өвлийн ид хүйтэнд залуус голдуу оролцож буй энэ эсэргүүцлийн жагсаал, цуглаан нь 2022 онд олон хоногоор үргэлжилж буй хоёр дах томоохон жагсаал юм. Монгол улсын Засгийн газар, эрх баригчдын зүгээс жагсагчдын шаардлагад удаа дараа үр дүнтэй хариу өгөхгүйгээр аргацаан, бухимдлыг дэвэргэн эмх замбараагүй байдал рүү түлхэж байгаад Монголын Эмнести Интернэшнл туйлын ихээр санаа зовинож байна.

Шударга ёсыг шаардаж, нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хуран цуглах нөхцөл боломжоор хангах, аюулгүй байдлыг хамгаалах нь Монгол Улсын засгийн газрын олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр хүлээсэн үндсэн үүрэг билээ.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасны дагуу үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тайван замаар хуран цуглах эрхэд зөвхөн хуулиар зохих хязгаарлалт тогтоож болох хэдий ч тэрхүү хязгаарлалт нь үндэслэл бүхий байх, зорилгод хүрэхэд зайлшгүй байх, тухайн нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг хангасан байх ёстой.

Засгийн газрын үр нөлөөтэй бус хариу арга хэмжээнд дургүйцсэн зарим иргэд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн дэг журмыг зөрчсөн зарим үйлдэл гаргасан бөгөөд энэ үеэр онц байдал тогтоох эсэх асуудлыг Засгийн газар хөндөж тавьсан нь үзэл бодлоо илэрхийлэн хуран цугласан олон хүний эрх, эрх чөлөө өргөн хүрээнд зөрчигдөх эрсдэлтэй болохыг харуулсан. Эсэргүүцлээ илэрхийлэн жагсах эрхээ эдлэхийг нь үгүйсгэх, эсхүл хүний эрхийг нухчин дарах явдлаа хууль ёсны болгох, эсхүл хүний эрхэд тавих ердийн хязгаарлалтыг өргөтгөх зорилгоор онц байдал хэрхэвч тогтоож болохгүй.

Эсэргүүцлээ илэрхийлэн жагсах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл санаа, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, соёлын амьдралд оролцох, амьд явах, хувийн нууцтай байх, аюулгүй, эрх чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийг оролцуулан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийг хувь хүн болон хамтаар хэрэгжүүлэх арга замын нэг хэлбэр юм. Энэ нь иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх зэрэг хүний бусад бүх эрхийг хангахад зайлшгүй чухал юм.

Тайван замаар жагсах эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, албадан саатуулж, баривчилах ёсгүй гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлд тус тус баталгаажуулсан бөгөөд уг эрхийг хүндэтгэн хамгаалах үүргээ бодитоор биелүүлж, хүний эрхийн зөрчил гаргахгүй байхыг дахин нэхэн сануулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудаас зөвлөмж, шаардлага, мэдэгдэл хүргүүлж байгаа ч хахир өвлийн хүйтэнд хонон өнжин жагсаж байгаа иргэдийг ариун цэврийн байгууламжаар хангах, дулаацах боломж олгох гэр барих хүсэлтийг нь түргэн шуурхай шийдвэрлэхгүй хүнлэг бус хандан жагсагчдын эрүүл мэндэд нь аюул учруулсныг Монгол улс хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж бид үзэж байна.

Монголын Эмнести Интернэшнлээс УИХ, хууль санаачлагчдаас иргэдийн эсэргүүцлээ илэрхийлэх эрхээ эдлэхэд нь аливаа байдлаар саад учруулахгүй байх, Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцээгүй байдлаар аливаа хязгаарлалт тогтоохгүй байх, гуравдагч этгээдийн зүгээс учруулж болзошгүй аливаа хүчирхийллээс жагсагчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжит орчин нөхцлийг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсах, цуглах эрхийг баталгаажуулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.