Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар  Содномын Чинзориг томилогдлоо
2023.01.06

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Содномын Чинзориг томилогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд улс төрийн туршлага нь бүрэн нийцнэ хэмээн үзсэн гэж байлаа.

Тэрбээр 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 1982 онд тус аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн. 1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын Нийгмийн бодлого, хөгжлийн газрын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Сайд нар “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn