Ц.Даваасүрэн: Тавантолгойн ДЦС барихтай холбоотой зээл яах гэж авсан талаар би хариулах боломжгүй
УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр шинжээч Хөгжлийн Банкнаас 2014 онд Эрчим хүчний яамны “Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн 450 Мвт хүчин чадалтай цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангуулах” төсөлд 14.81 сая ам.долларыг олгосон. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 58.36 тэрбум төгрөг байгааг хэллээ.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан түр хорооны гишүүн Д.Ганбат гэрчээр дуудагдсан Эрчим Хүчний сайд асан Ц.Даваасүрэнгээс асуулт асуулаа.
-Энэ төсөл хэрэгжихгүйгээс болж бид жил бүр 200 сая ам.долларын эрчим хүчийг гаднаас худалдан авч байгаа. Төсөл хэзээ хэрэгжих вэ, яагаад хэрэгжихгүй байгаа вэ. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?
Эрчим Хүчний сайд асан Ц.Даваасүрэн: Энэ зээлийн хувьд Н.Тавинбэх бид хоёр мэдэхгүй л дээ. 2013 оны зээл учраас тэр үеийн шийдвэр гаргасан хүмүүсийг дуудаж асуусан дээр байх.
Яагаад Тавантолгойн дулааны станц явдаггүй вэ гэвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой. Оюутолгойн гэрээн дээр Тавантолгойн дулааны станцыг барих, Монголоос эрчим хүч авах зэрэг хариуцлага хөрөнгө оруулагч талд байдаг. Удаа дараалж хоёр тал эрчим хүчээ ав, барь гээд яваад байсан. Нөгөө хөрөнгө оруулагч тал нь байнгын бултсаар өнөөдрийг хүрсэн. Тэдний талд үйлчилдэг манай хэдэн нөхөр Монголын тал барина гэсэн шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан.
Уг нь Монголын гурав, дөрвөн компани нийлээд Тавантолгойн дулааны станцыг барья гэсэн саналыг надад оруулж ирсэн. Түүнийг нь Засгийн газрын хуралдаанд оруулаад Монголын тал өөрөө барина гэсэн шийдвэрийг гаргасан. Одоо баригдаж байгаа юм байхгүй. Би Засгийн газрын хуралдаанаар тэдний хүлээх хариуцлагыг бид хүлээх шийдвэр гаргах нь буруу хэмээн хэлж байсан.
Төгсгөлийн үе шатыг Н.Тавинбэх сайд сайн мэдэж байгаа байх. Би 2020 оноос хойших зүйлийг сайн мэдэхгүй.
Тавантолгойн дулааны цахилгаан станцыг бариулахгүй байх шийдвэр Оюутолгойн талд байдаг. Экспортоо явуулахын тулд Хятадаас эрчим хүч авна, баяжмалынхаа тодорхой хувийг гүйцээх гэж гэрээ хийсэн юм шиг байна.
Энэ зээлийг яах гэж тус төсөлд авсан талаар би хариулах боломжгүй. Яагаад гэвэл, би 2017 оноос сайдын ажлыг авсан. Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьсан хүмүүс нь эргэн төлнө гэж гэрээн дээрээ байгаа байх. Түүнээс цааших зүйлийг мэдэх зүйл алга.
Эгийн гол, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилтийн талаар тухайн үед шийдвэр гаргахад оролцоогүй болохоор надад мэдээлэл байхгүй.
Яагаад удааширсан бэ гэвэл, Оюутолгойн гэрээнд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр, гурван жилийн дараа Монголоос эрчим хүчээ авна гэсэн заалт байдаг. Тэр нь 2014 оны долдугаар сарын 1-н байсан. Гэтэл Засгийн газартай байгуулсан гэрээгээ зөрчсөн асуудал үүссэн. Үүнийг тухайн үед М.Энхсайхан гэж сайд байлаа, мөн тухайн үеийн Эрчим хүчний сайд нар "Өмнийн говийн эрчим хүчний гэрээ" гэх эх оронч бус гэрээ хийсэн. Би түүнийг нь 2017 онд очиж цуцалсан. Тэр гэрээнд "Энэхүү гэрээ байгуулагдсанаар хөрөнгө оруулагч тал үүргээ биелүүлсэн гэж үзнэ" гэсэн байсан. Тэгэхээр чинь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл яаж явах вэ дээ.
Тавантолгойн дулааны цахилгаан станцыг Монголын тал барина гээд манай тал шийдвэр гаргачихсан. Оюутолгойг гэрээ биелүүл гэж шаардахаар танай Засгийн газар өөрсдөө хийнэ гэж үүрэг хүлээсэн гээд байдаг.
Үүний удаашралын асуудал аль аль талдаа байдаг.