2023.01.30

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тусгайлсан бие даасан анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынхнаас гадна БШУЯ, ХНХЯ, АШУИС, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 40 шахам хүн оролцов.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хийхэд анхаарч суурь хуулиудад өөрчлөлт хийх шаардлага байгааг онцлоод “Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн 60 орчим хувьд нь өөрчлөлт орсон байдаг. Одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт гэхээсээ шинэчилсэн найруулгаар дорвитой өөрчлөлт оруулж үйл ажиллагаатайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын аливаа хуулийг боловсруулахдаа иргэндээ ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг талаас нь түрүүлж харах ёстой” гэж байлаа.