Улсын аварга малчин Цаниагийн Энхбатад шагналыг нь гардуулан өглөө
2023.02.16

Улсын аварга малчин Цаниагийн Энхбатад шагналыг нь гардуулан өглөө

ХVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн босгон дээр Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Цаниагийн Энхбат, Доржпаагийн Хишигцацрал нар  Улсын аварга малчин өрхөөр шалгарч Монгол улсын Засгийн газрын шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нарын хамт Зөөлөн багийн нутаг “Сэрвэнгийн Ар”-ын өвөлжөө, малчны хотонд гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Ц.Энхбат 1992 оноос хувийн мал маллаж, 2012 онд “Сумын сайн малчин”, 2013 онд ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2014 онд “Аймгийн аварга малчин”, 2020 онд Алтан гадас одонгоор шагнагдсан байна. Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд 2 өрхийг 595 малаар малжуулжээ.

Шагнал гардуулах үеэр манай тэргүүний малчдын нэг, өдгөө 90 насыг зооглож буй Гавьяат малчин Н.Доржпаа гуай, Ц.Энхбатын нагац эгч Дэмчигсүрэн гуай, найз З.Дашдаваа нар нь хүрэлцэн ирж шинэ аваргууддаа баяр хүргэлээ.

Н.Доржпаа гуай энэ бууцнаас хоёр дахь удагаа улсын аварга малчин төрлөө. Би 40 гаруй жилийн өмнө БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Шонхорын Сүрэнгээс дипломоо гардан авсан, хоёр дахь удагаа Улсын аварга малчнаар 1983 онд шагнагдаж Хөхөөсүрэн гуай Галшарт диплом хүргэсэн, гавьяат нэгдэлчин Долгорын Намжил гуайн дараа Мөрөн сумаас аварга болсон талаараа хуучлав.