Нийгмийн даатгалын тогтолцоог даатгуулагчдад ашигтай байдлаар өөрчлөх хэрэгтэй гэв
2023.02.10

Нийгмийн даатгалын тогтолцоог даатгуулагчдад ашигтай байдлаар өөрчлөх хэрэгтэй гэв

Дадал сумын иргэдийн төлөөлөл 300 орчим иргэдтэй “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох хөтөлбөрийн хүрээнд уулзлаа.

Уулзалтаар сумын иргэн н.Ганбаяр, багийн дарга А.Азжаргал нар Газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. Хуулийн төсөлд малчид, тариаланчдын газрын харилцааны асуудлыг тодорхой тусгаагүй, тариаланч, малчдад тэгш үйлчлэх хууль батлахад анхаарахыг хүслээ. Тухайлбал одооны хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд тариалангийн талбайн хашааны гаднах 100 метр /талбай/ эргэлтийн бүсийн хэмжээг хасах, эсвэл багасгах зохицуулалт шаардлагатайг хэлэв.

Мөн нийгмийн даатгалын санг төвлөрүүлж буй даатгуулагч, насаараа даатгал төлж мөнгөө өгсөн иргэд тэтгэвэрт гармагцаа үр шимээ хүртэлгүй удалгүй өөд болж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог даатгуулагчдад ашигтай байдлаар өөрчлөх хэрэгтэй гэв.

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Одмаа эмнэлгийн өргөтгөлийн барилга ирэх 8-р сард ашиглалтад орох гэрээтэйг дурдаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2019 онд шүдний эмнэлгийн багаж тойргийн сумдадаа олгосон. Суманд амны хөндий, шүдний өвчлөл их байдаг. Шүдний кабинет байгуулах хүсэлтэй байгаагаа дурдлаа. Тэрээр мөн эмнэлгийн УАЗ пургон  авто машин эвдрэх нь элбэг болсон, сум дотроо үйлчилгээ үзүүлэх суудлын авто машин шийдвэрлэх хүсэлт уламжлав.

Үүнчлэн Д.Батхуяг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хэрэгжилтийг хангах талаар, Ч.Арсланбаяр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн талаар, сумдад ажиллаж буй босоо удирдлагатай төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар асуулт асууж, санал хэллээ.

Харин тус сумын тухайд он дамжин хэрэгжиж буй Чингис хот-Дадал сумын авто замын үргэлжлэл, сумын төвийн хатуу хучилттай авто зам, Дэлүүн болдог нисэх буудлын барилгын ажил энэ онд ашиглалтад орох гэрээтэй үргэлжилж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүдээс сумын ЭМТ-ийн кабинет байгуулах ажлыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.