Д.Сарангэрэл: Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог ахиулах шаардлагатай
2023.03.09

Д.Сарангэрэл: Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог ахиулах шаардлагатай

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр Монгол төрийг эрдэм ухаан, ард түмнийхээ итгэл хүндлэл, хамгийн гол нь эхийн сэтгэлээр түшиж байсан, түшиж яваа, үе үеийн эмэгтэй парламентчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлээд, НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн сэдвийг “DigitАll: Innovation and technology for gender equality” буюу “Инновац, технологиор хүйсийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий дахинаа хэрэглэгдэж байгаа хиймэл оюун ухааны системийн аналистууд энэ салбарт 44 хувийн хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа, мөн 125 улсын эмэгтэй сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар 73% нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэл заналхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан.

Нөгөө талаар технологи, инновацаар дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах олон чухал дэвшил гаргах боломжтой. Иймд энэ жил цахим орчныг илүү хүртээмжтэй, тэгш, аюулгүй байлгахад анхаарахыг уриалсныг дурдав.

Харин хүндэтгэлийн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл:

Туршлага бол чухал хүчин зүйл гэдэг нь Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөний үеэр тод харагдаж байсан.

Учир нь үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан Та бүхэн маань анхдугаар зөвлөгөөний үеэр санал бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бидэнд үнэтэй сургамж, зөвлөгөө болсон юм.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсан нь улс төрч эмэгтэйчүүд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн үгийг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гэлтгүй цаашид олон арга хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонсож байх бүтэц, суурь бүрдэж буй. 
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлт дэлхийн түвшинд 25 хувь, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна.

Манай орны хувьд энэхүү үзүүлэлт 17 хувь байгаа нь Ази тивийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг ахиулах шаардлагатай гэдгийг онцоллоо.