Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын тээврийн тухай хуулиар либералчлал хийгдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд зарчмын хувьд та ямар байр суурьтай байна?
-Урьд нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал орж ирж л байсан. Би өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн л дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээсээ гишүүд татгалздаг юм уу, эсвэл багасгах хэрэгтэй гэж үздэг. Хуулийн байгууллагын шийдвэрийн дагуу явдаг баймаар байна. Иргэд хуулийн дагуу асуудлыг шийдүүлдэг байхад гишүүд бүрэн эрх гэдгээр хуулийн хамгаалалтад ордог байж болохгүй.
Энд парламентын дархлаа гэдэг ч юм уу асуудал хөндөгддөг л юм билээ. Гэхдээ парламентын дархлаа гээд улс орны тусгаар тогтнолын асуудалд хэр нөлөөлөхийг би хэлж мэдэхгүй байна. Үүний цаана асуудлаас нуугдаж халхлагддаг байдал их болох гээд байна. Тэгээд ч 76 гишүүн энэ гишүүний бүрэн эрхийн асуудлыг нь шийд гээд хаячихдаг. Нөгөөдүүл нь авч үлдлээ, авч үлдээгүй гэдэг асуудал яригддаг боллоо. Тийм учраас УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээсээ гишүүд татгалздаг юм уу, эсвэл багасгах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаас хүн ёсны үүднээс үзвэл энэ бол ээдрээтэй асуудал. Хувь хүн өөрийнхөө төлөө болоод хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө төлөө мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байдаг шүү дээ.
Үүнтэй төстэй зүйл. Парламент ч гэсэн нэг гэр бүл. Нэг нэгэндээ өөрийн чиглэлийн салбар, өөрийн тойргийн аж амьдралыг таниулдаг. Улс орны өмнө тулгарсан бүх л асуудлыг бүгдээрээ тойрч суугаад хэлэлцдэг нэг л гэр бүл шүү дээ. 76 гишүүн 76 тойргийн онцлогийг нэг дор оруулж ирж, шийдэж байгаа нэг гэр бүл. Та энэ гэр бүлийн хүнээ шүүх үү, шүүхгүй юу гэж хаяна гэдэг нь буруу. Мэдээж хүн болсон хойно аваад үлдэх магадлал өндөр. “Чи битгий хулгай хий. Ёс зүйгүй муухай зүйл. Болохгүй...” гэж мянга хэлээд тэр хүн шуудхан больчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хулгай хийхгүй байх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй. Тиймээс нэг нэгнийгээ өмгөөлж авч үлдлээ гэж байгаа бол өмгөөлж үлдэхгүй байх нөхцөлийг бий болгох хэрэгтэй.
-Тийм шүү. Гишүүний бүрэн эрхийг парламент шийддэг байдал нь нөгөө талаас парламентын нэр хүндэд ч нөлөөлж байна. Нүүрсний хэрэгт эхлээд таван гишүүн нэр зарлагдсан. Гэтэл гурав болж буурсан. Нэр нь зарлагдсан ч үлдсэн гишүүдийг нийгэм дүгнэхдээ мөнгө төгрөг, нөлөөгөөрөө үлдлээ хэмээн шүүмжилж байна?
-Тийм. Үүний цаана УИХ-д хулгайчид орогнодог гэсэн ойлголтыг ч нийгэмд өгч байна. Энэ бол парламент нэр хүндээ алдах том шалтгаан болж байна.
-Хөгжлийн банк, тусгай сангууд, нүүрсний хулгай гэхчилэн олон хэрэгт УИХ-ын гишүүд холбогдох болсон. Эрх мэдэлтнүүдийн оролцсон хэргүүд ар араасаа гарч ирж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Гарах ёстой юмнууд гарч байна гэж бодож байна. Нийгэм хөгжиж, алдаа завхарлаа засаж байгаагийн нэг илрэл бол энэ. Бид хөгжлийнхөө нэг үе шатыг тэр дундаа цэвэршилтийн үе шатыг туулж явна. Үүсээд байгаа ихэнх асуудал МАН, АН-тай холбоотой гэж нийгэм үзэж байна. Нэг талаас энэ нь намын хувьд том шинэчлэлийг эхлүүлж байна.
МАН 30 дугаар их хурлаараа социал демократ үзэл баримтлалаа тунхагласан. нэгдүгээрт, энэхүү үзэл баримтлалаар хүний эрхийн асуудлыг нийгэмд тунхаглаж байгаа нь маш чухал. Хоёрдугаарт, үүний цаана ядууралтай тэмцэх, дундаж давхаргыг бий болгох, хууль засагладаг болох гэхчилэн зүйлүүдийг МАН өндөрт тавьж байна. Мөн манай нам нам дотроо байгаа бурангуй зүйлтэй, хууль бус зүйлтэй тэмцэнэ гэдгээ зарласан. Хоёрдугаарт, нүүрстэй холбоотой асуудлыг намын дарга буюу Ерөнхий сайд манлайлж гаргаж ирсэн. Түүнчлэн 5Ш ажиллагааг эхлүүлж байна.
Энэ бүх үйл ажиллагаагаар төрийн албатай холбоотой асуудлууд, хууль бус зүйлүүд гэхчилэн нийгэмд бугшаад байгаа бүхий л асуудлыг шийдэхийг зорьж байна. МАН эрх барьж байгаа энэ дөрвөн жилийн хугацаанд, мөн Намын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан энэ бодлогууд нь шинэчлэлийг дагуулж байна.
Тиймээс бид энэ шинэчлэлийг цааш үргэлжлүүлэх нь хамгийн чухал байна. Өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. Сонгуулийн тухай хуульд энэ шинэчлэлийг оруулмаар байгаа юм. Муу нэртэй хэдэн гишүүд дахиад сонгуульд орох бус шинэчилмээр байна. Туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй боловсон хүчнийг энэ саарал ордонд орж ирэх боломжийг Сонгуулийн хуулиар нээж өгөх ёстой. Бидний хийх гээд байгаа шинэчлэлийн нэг том алхам энэ байх ёстой. Үнэхээр үр хүүхдийнхээ ирээдүй хойчид санаа зовж байгаа бол, нийгмээ цэвэршүүлье гэж байгаа бол саяны асуудлуудыг зоригтойгоор гаргаж тавьсан шигээ нэг мөр шийдэх хэрэгтэй.
Би чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажилласан. Нийгэм их шүүмжлэлтэй байна. Манай намын гишүүд, дэмжигчид их бухимдалтай байна. Тэд “МАН-даа 62 суудал өгч ялуулсан. Гэтэл өчнөөн асуудалд орооцолдож, холбогдсон хүмүүс гарч ирж байна. Өөрсдөө болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг хийж байна” хэмээн шүүмжилж байна лээ. Өнөөдөр улс төрд болж байгаа үйл явцууд бол нийгмийн шаардлага хэрэгцээгээр гарч ирж байгаа задрал. Нийгмийн хөгжлийн явц. Гагцхүү үүнийг хэн хийж, гаргаж ирж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Манай нам өөрсдөө манлайлж гаргаж ирж байна. Дахин хэлэхэд, нэгэнт гаргаад ирсэн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй.
-Парламентын түүхэнд бичигдэх анхны хянан шалгах сонсголыг та бүхэн хийлээ. Та ажлын хэсэгт орж ажилласан. Сонсголын үр нөлөөг хэрхэн дүгнэж байна вэ?
-Парламентын түүхэнд онцгойлон тэмдэглэх ажил болсон. Бугшсан асуудлыг парламент олон нийтэд нээлттэй болгож, хэлэлцүүлж, мэдээлсэн. Энэ бол шүүх хурал биш шүү дээ. Олон нийтэд мэдээлэл өгөх сонсгол болсон. Хууль тогтоогчид үүнийг гаргаж байгаа нь парламент шинэчлэгдэх, тэр түвшинд шударга ёсыг тогтоох алхам, босго болсон. Сонсголын анхны нээлттэй хэлэлцүүлгийг миний бие удирдсан. Хуулиар зөвхөн УИХ-ын гишүүн гэрчээс асуулт асуух эрхтэй байсан. Миний хувьд үүнийг задалж өгсөн. Зарим нь намайг хууль зөрчлөө гэж байсан. Хэвлэлийнхэнд асуух боломжийг өгөхгүй бол ямар юмны нээлттэй хэлэлцүүлэг байх вэ гээд эхний хэлэлцүүлэгт хэвлэлийнхнээс асуулт асуух эрхийг нээлттэй болгосон.
Гурван шаттай хэлэлцүүлэг боллоо. Эдгээр хэлэлцүүлэгт Монголын ихэнх улстөрч оролцлоо. Ямар учраас тийм шийдвэр гаргасан. Ямар учраас холбоотой вэ гэдгийг нийгэмд ил гаргаж тавьснаараа их ач холбогдолтой болсон.
Дараагийн сонсголыг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор хийх гэж байна. Энэ зөв. Оффтэйк гэрээнээс эхлээд олон асуудал гарч ирсэн. ҮАБЗ-өөс шийдвэр гарсан, гараагүй гэж яригдаж байна. Тиймээс гэрээг хэн гаргасан. Ямар хүмүүс зөвшөөрөл өгсөн гэхчилэн мэдээллийг иргэдэд өгөх нь маш зөв.
Хоёрдугаарт, үүнтэй уялдуулж Г.Ёндон сайдын үед өргөн баригдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа. Би хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хууль чухал ач холбогдолтой болсон. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гэрээ хийж, үнийн зөрүү дээр ажилладаг байдлыг энэ хуулиар хаасан. Биржээр гурван удаа арилжаа хийгдлээ. Эхний арилжаан дээр 17 удаагийн дуудлагаар 12.5 хувиар үнэ нь өсч зарагдсан. Энэ мэтээр нүүрсний арилжаатай холбоотой бүх зүйл нээлттэй болж байна. Биржийн хууль зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Одоохондоо бид Хөрөнгийн биржээр дамжуулж худалдаалж байна. Хуулийн хүрээнд цаашид уул уурхайн том биржтэй болъё гэж байгаа юм билээ. Бүхий л худалдаа биржээр явдаг болно.
-Дараагийн сэдэв ҮХНӨ. Энэ хаврын чуулганаар парламент ҮХНӨ хийх үү?
-Дөрөвдүгээр сард оруулж ирэх төлөвтэй байгаа. Гэхдээ амжих уу, үгүй юу. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид холимог тогтолцоо руу зайлшгүй орохгүй бол өнөөдрийг хүртэл бүс нутгийн, дов жалганы үзлээс гарч чадахгүй болчихоод байна. Ямар ч гишүүн өөрийн сонгогдсон тойрогтой холбоотой ямар ч асуудал дээр дэмжиж кноп дарна. Гэтэл тэр нь улс орны эдийн засагтай холбоотой асуудалтай зөрчилдөхөөр бол яах вэ.
Тэр тойргийн иргэдийн итгэлийг хүлээсэн гэдэг утгаараа тойргийн эрх ашгаа илүүд үзэх магадлал өндөр шүү дээ. Тиймээс нэн тэргүүнд улс орны эрх ашгийг боддог байх нөхцөлийг парламентад бий болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тойргоосоо буцаад сонгогдохын тулд яах билээ гэдэг асуудлыг тавьж, жалга довны үзлээр асуудалд ханддаг болчихоод байна. Үүнээс гарах гарц нь холимог тогтолцоо. Түүнчлэн гишүүдийн тоог нэмэх асуудал хөндөгдөж байна. Одоо бол 76-хан улстөрч ихэнх асуудлыг мэдээд байна шүү дээ. Одоогийн яригдаж байгаа 152 ихдэж байна гэвэл миний бодлоор 120 гишүүн байх бололцоотой гэж харж байна.
Нөгөө талаас цөөн байх нь улстөрчдийг өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөөд байна. Оросын нэг нэвтрүүлгийг үзэж байхад парламентын гишүүнийг замын цагдаа зогсооход гүйж хүрч ирээд бичиг баримтаа шалгуулж байгаа юм. Тэнд би УИХ-ын гишүүн гэж томорч байгаа юм алга. Загнаж байгаа юм алга. Манайд болохоор УИХ-ын гишүүн гээд хүндлээд байхаар тэр гишүүн нь хүн л юм болохоор би том хүн юм байна гэсэн ойлголт аваад байна. УИХ-ын гишүүн энэ танхимд орж ирээд эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Энэ саарал байшингаас гараад эрх дарх гэхгүйгээр яг л иргэдийнхээ дунд амьдармаар байна. Тоо нэмэгдүүлэх гол ач холбогдлыг би энэ өнцгөөс хардаг. Ингэж байж хүн эрх мэдлээ давуулж ашиглахгүй байх нөхцөл бий болно. Тоог тодорхой хэмжээгээр нэмэх бололцоотой байх ёстой.
-Төмөр замын тээврийн тухай хуулийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэхүү хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ. Төмөр замыг либералчлах асуудлыг энэ хуулиар хөндөж байна уу?
-Хөндөж байгаа. Миний хувьд төрийн өмч бага байх ёстой гэж боддог. Яахав, стратегийн ач холбогдолтой цахилгаан станцууд, дэд бүтцийн гол шугамууд улсын өмчид байх нь зөв. Иргэдэд очих үйлчилгээний хөлсийг хэт өндөр байлгахгүйн тулд үүнд стратегийн бодлого барих нь зөв. Гэхдээ нийгмийг иргэд, аж ахуйн нэгж авч явдаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийн хийх ажлыг төр булааж авах, эсвэл зэрэгцээд дайраад байх хэрэггүй гэж боддог.
Жишээ нь, би иргэний нисэхийн либералчлалыг эхлүүлсэн. Төр дээрээс нь зохицуулж МИАТ гэдэг компанийг үндэсний компани гэж нэрлээд бүх эрхийг МИАТ-т төвлөрүүлж үнийг нь барьсан. Өрсөлдөгчгүй олон жил явсан. Би салбар хариуцсан сайдаар ажиллах хугацаандаа МИАТ-тэй бусад аж ахуйн нэгжийг өрсөлдөх боломжийг бий болгосон. Энэ нь өрсөлдөөнийг бий болгосон. Энэ либералчлалыг үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Үүнтэй адил төмөр замд мөн либералчлал хийгдэнэ. Энэ хуулийн гол зорилго нь ерөөсөө энэ.
Энэ хуулиар доод, дээд бүтэц нь тусдаа болно. Энгийн ярианы хэллэгээр хэлбэл, хоёр ган төмөр бүхий төмөр зам нь тусдаа болно. Дээгүүр нь явах тээвэрлэгч нь мөн тусдаа аж ахуйн нэгж байхаар гэж оруулж байна.
Монголд өнөөдөр Улаанбаатар төмөр зам буюу Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл гол төмөр зам үйл ажиллагаа явуулж байна. Мөн төр, хувийн хэвшлийн Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам, Болдтөмөр Ерөө гол, Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам, Зүүнбаянгаас Хангимандал гэсэн төмөр замууд бий. Эдгээр төмөр зам хоорондоо харшлахгүйгээр нэг системээр, нэг үнэ өртгөөр явдаг нөхцөлийг энэ хуулиар бий болгож байна. Жишээ нь, өнөөдөр "Болдтөмөр Ерөө гол" ХХК төмрийн хүдрээ Бугат руу экспортоллоо гэхэд Улаанбаатар төмөр замаар явсны тодорхой төлбөрийг төлдөг.
Наашаа Таван толгой төмөр замаар явахаар мөн тус компанид мөнгө төлдөг. Энэ хоорондын зохицуулалтыг энэ хуулиар хийж өгч байгаа юм. Нэг нь илүү үнэ хэлдэг ч юм уу, эсвэл миний төмөр замаар чи явахгүй гэж дарж хэвтдэг. Эсвэл би өөрийнхөө ачааг зөөнө гэдэг ч юм уу ямар ч хориг байхгүйгээр нэг сүлжээ болгож либералчилж байгаа юм. Хоёрдугаарт, тээвэрлэгч компани хэний ч зам байсан нэг л төлбөр төлөөд нийтийн дүрэм, стандартаар тээврээ хийх боломжийг нээж өгч байна. Энэ бол том либералчлалыг бий болгосон хууль. Ажлын хэсэг анх өргөн баригдсан хуулийн талаас илүү хувийг нь шинэчилсэн.