Хяналтын сонсголын тайланг хэлэлцэв
2023.04.05

Хяналтын сонсголын тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн (2023.04.04) хуралдаанаараа энэ хаврын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Цаглаварт, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ хяналт, шалгалтын чиглэлээр Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал дүгнэлт боловсруулах болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар тусгасан байна.

“Цаглавар батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжиж, баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулахаар Нийгмийн бодлогын байнгын хорооны гуравдугаар сарын 15-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Сонсгол зохион байгуулахтай холбогдуулан, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар томилов. Мэргэжлийн, хараат бус шинжээчээр ажиллахаар АШУҮИС-ийн доктор Л.Мөнх-Эрдэнэ нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр, хөрөнгө оруулалтын эдийн засаг, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний чанар, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх бодлогын болон орчны эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач хүн юм.

Эрүүл мэндийн асуудлуудыг эдийн засагтай холбож судалдгаараа онцлог болохыг олзуурхаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн илэрхийлж, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдэд ёс зүйн талаар хэрхэн дүгнэлт өгөх тухай, мөнхүү Эрүүл мэндийн даатгалын салбарт явуулж буй шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрхэн үнэлж буйг нь түүнээс асууж, хариулт авлаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмыг гол болгож ажиллахыг шинжээчид зөвлөв.Доктор Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилох тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь дэмжиж баталлаа.

Дараа нь, Улсын Их Хурлын чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Байнгын хорооны тогтоолоор баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их хурлын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар ажиллахаар боллоо.