2023.04.12

Ц.Мөнхцэцэг: Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна

Дэлхийн олон улс орон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийг хангахаар чармайн ажиллаж буй.

Манай улсын тухайд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон харж “Сонгуулийн тухай” хууль болон “Улс төрийн намын тухай” хуульд тодорхой заалтуудыг оруулж өгсөн.

Өчигдөрхөн буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум болж өндөрлөлөө. Уг форумд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг панелистаар оролцож “Жендэрийн мэдрэмжтэй улс төрийн санхүүжилтээр улс төрийн намыг шинэчлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр “Нийгэмд дэх иргэдийн бүлгүүд, хүн амын олон төлөөлөл улс төрд орж ирэх ёстой. Үүнийг пропорцианаль систем хангадаг. Монгол улс газар нутгийн хувьд ч хүн амын төлөөллийг хангасан системийг олох хэрэгтэй. Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг.

Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн, парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна” хэмээв.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 хувиар нэмэгдэхэд авлига 8 хувиар буурдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий.
Дашрамд дурдахад түүний хувьд “Улс төрийн намын тухай” хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм. Хуулийн төслийг өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд боловсруулж, гадаад дотоодын экспертүүд, олон улс болон иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хүрээтэй олон судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлж, саналуудыг тусгасан тухай тэрээр онцолж байсан.
Улс төрийн намын тухай хуульд залуучууд, эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу бүх шатны удирдах албан тушаалд төлөөлөл нь доогуур байгаа бүлгийг дэмжих заалтуудыг оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: "Квотоос илүү нэр дэвшсэн эмэгтэйчүүд, УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн тоогоор тухайн намд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор заасан. Ингэж нийгэмд төлөөлөл нь доогуур бүлгүүдээ дэмжих боломжтой болно".